УИХ-ын хаврын чуулганы өнгөрсөн баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын чуулганы танхимд 14-хөн гишүүн сууж хуралдаанд оролцсон юм. Харин тэд нэг хүн 2-3 эзгүй гишүүний кнопийг дарах маягаар хуулийн төслийг хэлэлцэх эрхийг бүрдүүлж байв. 14 хүн 45 санал өгч байсан. Өөрөөр хэлбэл ажлаа тасалсан 31 нэгэн төлөөлөгчийг орлосон гэсэн үг. Хотыг дахин төлөвлөх нь манай тулгамдсан асуудал болоод байгаа. Ялангуяа, эрх зүйн орчин бүрдүүлэхгүйгээр Улаанбаатар хотыг дахин төлөвлөх боломжгүй. Нийгэмд нэн чухал ач холбогдолтой хууль хэлэлцэхэд гишүүд тоомжиргүй хандаж байгаа нь ирцээс харагдлаа. Г.Баярсайхан гишүүн “МАН чухал асуудал хэлэлцэхээр үргэлж гацааж байдаг. Гурван гишүүн хуралд сууж байна” гэж шүүмжлэв.
Үнэхээр МАН-аас Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл, Л.Энх-Амгалан нар л хуралдаанд оролцож байсан юм. Эхлээд Л.Энх-Амгалан, дараа Д.Сарангэрэл намын гишүүдийнхээ өмнөөс санал өгч байлаа. Тэд санал хураалт бүрт 5-6 гишүүний кнопыг амжиж дарж байсан юм. Хотыг дахин төлөвлөх тухай хуультай холбогдуулан гаргасан Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Г.Батхүү гишүүн танилцуулсан. Байнгын хорооны санал дүгнэлтэд Монгол Улсад үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэх онцгой харьяалалтай бөгөөд шүүхээс бусдын хувийн өмчтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргахаас өмнө захиргааны журмаар албадлага хэрэглэх ёсгүйг тодотгожээ. Иймд хуулийн төсөлд дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог чухалчлан, төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэд ямар эрх эдэлж, үүрэг хүлээх талаар зүйл, хэсэг, заалт нэмж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, түр суурьшуулах газар, байр, сууцаар хангах асуудлыг тэдний амьдарч, ажиллаж байсан орчин нөхцөлөөс дордуулахгүйгээр шийдвэрлэх үүргийг төсөл хэрэгжүүлэгч хүлээх аж.

Мөн нийгмийн хэрэгцээ шаардлага, нийтийн ашиг сонирхол, цаашлаад төслийг дэмжихгүй байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эдийн засаг, нийгэм, соёлын эрх зэрэг асуудлыг хангах зорилгоор тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн төсөл хэрэгжүүлэгчээс нөхөх олговортойгоор газар чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах замаар уг асуудлыг шийдвэрлэхээр төсөлд тусгасан талаар дурдагдаж байв. Мөн ажлын хэсгийнхэн хуулийн төслийг боловсруулах явцдаа засаг захиргааны нэгж дэх бүсийн хөгжлийн тулгуур төв, аймаг болон сум, дүүрэг зэрэг суурин газруудыг дахин хөгжүүлэх харилцааг зохицуулахтай холбоотойгоор засаг захиргааны анхан шатны нэгжүүдийн оролцоог хангаж, сум, дүүргийн ИТХ, Засаг даргын бүрэн эрхийг хуулийн төсөлд нэмж тусгасан байна.
Танилцуулгын дараа уг хуулийн төслийн талаар байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй гуч гаруй саналаар нэг бүрчлэн санал хураалт явуулав. Санал хурааж дууссаны дараа хуралдаан даргалагчийн зүгээс хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлж буй тухай хэлсэн юм. Ингээд дараа нь Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр төсөл боловсруулагчдад сонирхсон асуултаа тавьж байлаа. Тухайлбал, Д.Дэмбэрэл уг хуулийн төсөлд хуулийн мэргэжлийн, төрөл бүрийн салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдээс санал авсан эсэхийг лавлаад “Гишүүд хэдийгээр хуулийг хэлэлцэн шийдвэрлэх үүрэгтэй ч үзэл баримтлал, логик талаас хандах боломжтой юм. Салбарын нарийн асуудлыг гишүүд тэр болгон сайн мэдэхгүй учраас санал хураахад мэргэжилтнүүдийн оролцоо хангагдсан саналууд байвал гишүүдэд асуудлыг шийдвэрлэхэд дөхөмтэй” гэв.
Түүний асуултад Х.Тэмүүжин гишүүн “Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт эрдэмтэн судлаачид, шүүх, прокурор, тагнуулын байгууллагын алба хаагчид, татвар зэрэг бүхий л салбарын мэргэжилтнүүд оролцсон. Хуулийн төсөл өргөн барьсны дараа УИХ-аас ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг байгуулсан. Ажлын дэд хэсэгт салбар болгоноос мэргэжилтнүүд оролцож саналаа хэлж, хэлэлцсэн байгаа. Нэлээд олон жил уг хуулийн төслийг боловсруулсан учраас мэргэжилтнүүд, ТББ-ын төлөөл өл зэрэг олон талын оролцоо хангагдсан” хэмээв. Танилцуулгатай холбогдсон гишүүдийн асуултын дараа зарчмын зөрүүтэй зуу гаруй асуудлаар санал хураах боллоо. Танхимд байсан гишүүдийн идэвх сул, ирц хангалтгүй, хуралдааны завсарлах хугацаа нэгэнт болсон тул УИХ-ын дарга З.Энхболд Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн мягмар, лхагва гаригийн аль нэгэнд тусгайлан хийхээр шийдвэрлэж, хуралдааныг хаав.
Т.ЭНХБАТ