Өвөрхангай аймгийн Хужирт сумын Улсын тэргүүний хоёрдугаар цэцэрлэгийн гадаа талбайг тус цэцэрлэгт хүмүүждэг багачуудын ээж аавууд нэгдэн, засаж тохижууулжээ. Эцэг эхчүүдийн хийсэн бүтээн байгуулалт цэцэрлэг төдийгүй зуслан, хашаан дахь талбайгаа тохижуулахдаа санаа авахуйц шийдэлтэй. Шунхлай тавдугаар багт байршилтай тус цэцэрлэг 125 хүүхдийн хүчин чадалтай ч одоогоор 165 хүүхэд хүмүүжиж буй. 2009 онд ашиглалтад орсон харьцангуй шинэ барилгатай хэдий ч агааржуулалт муутайгаас цан цохиж, засвар хийх, биеийн тамирын заал, склад, эмч, нярав, нягтлангийн өрөөг нэмж байгуулахын тулд өргөтгөл хийх шаардлагатай гээд тулгамдсан асуудал цөөнгүй бий гэсэн. Гэсэн хэдий ч удирдлагууд нь төсвөөс олгодог мөнгө хүлээж, эцэг эхчүүд нь ачаалал ихтэй байна хэмээн гомдоллож суулгүй хаягдал дугуйг хэлбэрт оруулан өөрчлөн, өнгө будгаар гоёж гадна талбайгаа тохижуулжээ.






