Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нарт хил орчмын тээврийн 1000 гаруй тээвэрчин, “Борхойн тал” авто тээвэрчдийн холбооноос мэдэгдэл хүргүүлж буй юм.
Энэ талаар “Борхойн тал” авто тээвэрчдийн холбооны тэргүүн Д.Эрдэнэбатаас тодруулахад: “Замын-Үүдийн хил орчимд тээврийн салбарт шударга өрсөлдөөн тогтоож өгөх, хууль зөрчсөн олон асуудлыг хянан шалгах хэрэгтэйг олон нийтэд хүргэж байна. Энэ сарын 25-ны найман цагаас хойш боомтын болон хот хоорондын хөдөлгөөнийг зогсооно. Хятад эзэнтэй Монголын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэр эрхэлж, Монголын тээвэрчдийн эрх ашгаас хулгайлж, дотоодын тээвэрчдийн орлого болох валют гадагшаа урсаж байна. Тэдний зүгээс ачаа тээвэр, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн бичиг баримтын зөрчлөөс эхлээд олон арван хууль зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргадаг ч манай салбар яамны төлөөлөл нөхцөл байдалтай танилцах нэрээр очиж, Эрээн хотыг зориод буцдаг нь нууц биш. Бид өмнө нь олон удаа мэдэгдэл хүргүүлж байсан ч дорвитой арга хэмжээ авахгүй байгаад бухимдаж байна” гэсэн юм.
Тус холбооноос олон нийтийг хамарсан төрийн бус байгууллагын эрхийн дагуу зам тээврийн хөдөлгөөн хаах болсон нь дараах шалтгаантай. Үүнд:
1. Эрээн хотын хашааны төлбөрийг бууруулах, нэг цонхны үйлчилгээнд хамруулж шийдвэрлэх,
2. Хил хоорондын болон хот хоорондын тээврийн хэрэгслийн бүх жинг зохистой хэмжээнд батлах, жигд хэрэгжүүлэх,
3. Эрээн хотод зам тээврийн осол зөрчилд холбогдсон жолоочийн асуудлыг тэнцвэртэй байдлаар шийдвэрлэх,
4. Хил хоорондын тээврийн хэрэгсэлд олгож байгаа биржийн бичиг гэх тусгай зөвшөөрлийн бичгийг зохистой байдлаар олгох,
5. Нэг цонхны үйлчилгээтэй болох,
6. Боомтын зөвлөлд тээвэрчдийн холбооны төлөөллийг оролцуулах,
7. Хууль бус өмчлөлтэй тээврийн хэрэгслийг шийдвэрлэх тухай журамтай болох зэрэг асуудлаар мэдэгдэл хүргүүлж байгаа юм байна.