Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хотод барьж буй 1000 айлын “Манзушир өргөө” хорооллын эхний ээлжийн орон сууцыг ашиглалтад оруулж, оршин суугчдад нь хүлээлгэн өгчээ. “Үндэсний бүтээн байгуулалтын корпорац”-ын гишүүн болох “Бүти” компани уг ажлыг гүйцэтгэсэн юм. “Манзушир өргөө” хороолол нь 1000 айлын орон сууц, 100 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургуулиас бүрдэх аж.
Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд аймаг бүрт 1000 айлын орон сууц барихаар шийдсэн. Төрийн орон сууцны корпорац (ТОСК)-аас хэрэгжүүлж уг хөтөлбөрийн хүрээнд Төв аймагт өнгөрсөн хавраас “Манзушир өргөө” цогцолбор хороолол барьж эхэлсэн юм. Тус хорооллын эхний ээлжийн 98 айлын таван давхар орон сууцны хоёр барилгыг өнгөрсөн арваннэгдүгээр сард барьж дуусгасан ч дулааныг нь хараахан шийдээгүй тул ашиглалтад оруулаагүй байсан юм.