ОБЕГ, НҮБ-тай хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах сургалт, дадлага өчигдөр эхэллээ. Ирэх баасан гаригт өндөрлөх уг дадлагыг Монгол Улсад зохион байгуулснаар онцгой байдлын байгууллагуудын газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх бэлэн байдал дээшлэх гэнэ. Мөн аврах баг бэлтгэх туршлага хуримтлуулж, хил гаалиараа олон улсын хүмүүнлэгийн тусламжийг түргэн шуурхай нэвтрүүлэхийн тулд холбогдох байгууллагууд гүйцэтгэх үүргээ нарийн тодорхойлох аж. ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр “Гамшгийн голомтод үндэсний болон олон улсын баг хамтарч ажиллах арга ажиллагааг сайжруулах хүрээнд уг сургуулилалтыг хийж буй. Монгол Улсад хүмүүнлэгийн тусламж хүлээн авахтай холбоотой эрхзүйн зохицуулалт байдаггүй. Тиймээс Гамшгаас хамгаалах тухай шинэ хуулийн төсөл боловсруулж, хүмүүнлэгийн тусламж хүлээн авах болон үдэн гаргахтай холбоотой бүлэг оруулж буй. Олон улсын туршлагыг судалж, үүнд тусгана” гэв.