Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд алан хядагчидтай хийх тэмцлээ уялдуулах, “Исламын улс”-д цохилт өгөх олон улсын нэгдсэн эвсэл байгуулах асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзахаар өчигдөр Вашингтонд очжээ. Францчууд үйл ажиллагаагаа саяхан болтол НАТО-гийн түншүүдтэйгээ хамтрах төдийгөөр хязгаарлаж, Оросыг эвсэлд оролцуулах асуудлыг Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын ирээдүйтэй холбон үзэж байв. Дамаск дахь улс төрийн эрх мэдлийг шилжүүлэхийг тууштай дэмжиж, энэ асуудлыг Оростой хамтарч ажиллах нэн тэргүүний, зайлшгүй нөхцөл гэж үзэж байсан юм. Тэгтэл 130 хүний амь насыг авч одсон аллага Парист болсон байдлыг өөрчилж орхив. Оросыг оролцуулсан өргөн эвсэл байгуулах саналыг уг аллагаас гурав хоногийн дараа Олланд гаргав. Тэгээд томоохон улсуудын удирдагчидтай зөвлөлдөх ажилд нэг долоо хоногийг зориулахаар шийдэж, даваа гаригт Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмеронтой Парист уулзав. Байлдааны нислэг хийхдээ Кипр дэх баазыг нь ашиглахыг Кэмерон Францын талд санал болголоо.
Цагаан ордны албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээс үзвэл Обама, Олланд нар алан хядах ажиллагааны эсрэг явуулж буй тэмцлийн талаарх тагнуулын мэдээлэл солилцож, Францын зүгээс “Исламын улс”-ын эсрэг авахаар төлөвлөж буй байлдааны шинэ арга хэмжээний тухай ярилцах юм байна.Олланд өнөөдөр Германы Канцлер Ангела Меркельтэй Парист уулзана. Маргааш өглөө Италийн Ерөнхий сайд Маттео Ренцитэй санал бодлоо солилцоно. Үдээс хойш Москва орж Владимир Путинтэй яриа хөөрөө хийнэ. Түүнээс гадна уур амьсгалын асуудлаар Францад болох бага хурлын хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Хятадын Төрийн тэргүүн Си Зиньпин нартай ням гаригт уулзах аж.