Саяны мягмар гаригийн орой Тунисийн Төрийн тэргүүний хамгаалагчид сууж явсан автобусыг дэлбэлж наад зах нь 12 хүний амь үрэгдсэнээс Ерөнхийлөгч Бежи Каид эс-Себси улс орондоо 30 хоногийн хугацаатай онцгой байдал зарлав.Дэлбэлэх үйлдлийг амиа золиослогч хийсэн аж. Үүнээс өмнө энэ сарын 17-нд томоохон алан хядах ажиллагаа үйлдэх гэж байсныг Тунисийн эрх баригчид илрүүлж, сэжигтэй 17 хүнийг баривчилжээ. Тэд тус улсад эмх замбараагүй байдал бий болгож, чухал ач холбогдолтой дэд бүтцийн объект, зочид буудлууд, цагдаагийн хэсгүүд, улстөрчдийг онилсон байжээ гэж Дотоод хэргийн сайд Рафик Челли мэдэгдсэн байна. Гэмт этгээдүүдийг Ливи, Сирид бэлтгэсэн бөгөөд дайралтаа эхлэх тушаал ирэхийг хүлээж байсан аж.
Энэ оны зургадугаар сарын 26-нд Сус гэдэг хотын таван одот зочид буудлын дэргэдэх усны эрэг дээр амарч байсан жуулчид руу довтолж 38 хүний аминд хүрч, 40 орчим хүн шархдуулсан аймшигт явдал Тунист тохиосон юм. Амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь англичууд байв. Энэ хэргийг үйлдэгч 1992 онд төрсөн Сейфуддин Ар-Резка гэгч цагдаа нарын суманд өртөж амиа алджээ. Уг явдлын эзэн гэдгээ “Исламын улс” бүлэглэл хүлээсэн байдаг.