Афганистаны “Талибан” хөдөлгөөний дайчид Молдавын нисдэг тэрэгний багийнхан болон түүгээр зорчигчдыг олзолж авсан байна. Молдавын Дотоод хэргийн сайд Олег Баланы ярьснаас үзвэл, талибууд өөрсдийн хяналтад байдаг Фарьяб мужид нисдэг тэрэг рүү галласнаас аргагүйн эрхэнд газардсан аж. Түүнд багийн гурван гишүүнээс гадна Афганистаны 18 хүн сууж явжээ. Тэднээс гурав нь бууны суманд өртөж, бусдыг нь талибууд хаашаа ч юм бэ аваад явчихаж.Молдавын Батлан хамгаалах яамны мэдээлснээс үзвэл иргэний тээврийн зориулалттай нисдэг тэрэг байсан бөгөөд энхийн үүрэг гүйцэтгэж явжээ. Нислэгийн багийн гурван хүний дотор Молдавын иргэн байхгүй гэнэ. Одоогийн байдлаар Афганистан дах НҮБ-ын энхийг эрхэмлэгч хүчний мэдэлд Молдавын хувийн компанийн долоон нисдэг тэрэг байдаг аж. 2009 оны долдугаар сард Афганистанд Молдавын Pecotox Air компанийн Ми-26 нисдэг тэрэг унажээ. Түүнийг молдав хүмүүс жолоодож, Украины зургаан иргэн сууж явсан юм.