Афганистаны Кундуз хотод “Хил хязгааргүй эмч нар” хэмээх олон нийтийн байгууллагын эмнэлгийг Америкийн Агаарын цэргийн хүчний онгоцууд бөмбөгдсөн хэргийг шалгаад дүгнэлт гаргажээ. Афганистан дахь олон улсын хүчний командлагч, армийн генерал Жон Кэмпбелл Пентагонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, Америкийн цэргүүд тус эмнэлэгт санаатайгаар хэзээ ч цохилт өгөхгүй гэж хэлсэн байна. Уг явдлыг “эмгэнэлт тохиолдол” гэж генерал үзээд, үүнд хүргэсэн хэд хэдэн шалтгаан байхыг үгүйсгэсэнгүй. Юуны урьд эмнэлгийг өөрсдийн гол бай болгосон Үндэсний аюулгүй байдлын газрын байшинтай Америкийн цэргүүд андуурсан аж. Цохилт өгөх ёстой дайчид уг байшинд нуугдаж байжээ. Цаашилбал, цохилт өгсөн АС-130 онгоцны автомат санамжид байг нь буруу заагаад өгчихсөн байж. Гуравдугаарт энэ алдааг цохилт өгч эхлээд 12 минут өнгөрч байхад командлалдаа мэдэгдсэн байна. Алдаа хийснээ командлал ойлгоход дахиад 17 минут шаардагдаж, тэр үед довтолгоон нэгэнт дууссан байв.
Алдаа гаргасан цэргийн алба хаагчийг чөлөөлсөн гэж генерал Кэмпбелл мэдээлжээ. Андуурч эмнэлгийг бөмбөгдсөн хэрэг явдал өнгөрсөн сарын 3-нд болсон юм. Бөмбөгдөх үед тэнд 100 гаруй өвчтөн, 80 эмч байжээ. Энэ алдааны төлөө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дөрөв хоногийн дараа “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын ерөнхийлөгч Жоанна Люгээс уучлалт хүсэж, Америкийн Агаарын цэргийн хүчин алдаа гаргасныг Пентагоны тэргүүн Эштон Картер хүлээн зөвшөөрч, уг эмгэнэлт явдлын шалтгааныг тогтоохын төлөө боломжтой бүхнийг хийж, буруутанд хариуцлага хүлээлгэхээ амласан юм.