Зимбабвед жил бүр хамгийн муухай царайтай эрийг шалгаруулдаг арга хэмжээ болдог аж. “Муухай мистер” хэмээх уралдаанд ямар хүн орох нь нэрнээсээ л ойлгоймжтой. Энэ жил хоёрдугаарт байрт шалгарсан Виллиам Масвиню шүүгчид авлига авч, шалгаруулалтыг будлиантуулсан гэж зарга үүсгэсэн гэнэ. Өмнөх гурван жил дараалан муухай эрийн титэм зүүсэн тэрбээр энэ сарын 21-нд болсон уралдааны 35 оролцогчоос хамгийн царай муутай нь ялсангүй гэж гомдоллож буй аж. Түүний өмнө орсон Майсон Сере “Би бурханд талархаж байна. Өнгөрсөн жил би улсынхаа царай муутай эрчүүдээс дөрөт жагсаж, жаахан гонсгор байсан юм” гэжээ. “Муухай мистер”-ийн шагнал 500 ам.доллар юм байна. Удаах байр эзэлсэн нь 100 “ногоон”-оор шагнуулжээ. Эл уралдааныг 2009 оноос уламжилж иржээ.