Дүрвэгчдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжаа өргөжүүлнэ гэж Японы Гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Ясүхиса Кавамүра мэдэгдлээ. “Исламын улс” бүлэглэлийн эсрэг олон улсын эвсэлд Япон улс орох бодолгүй байгаа аж.
“Исламын улс”-ын эсрэг одоогоор нэгдсэн фронт байхгүй, тус бүлэглэлтэй Сири, Иракийн Засгийн газрын цэрэг, АНУ-ын тэргүүлсэн олон улсын эвсэл, Курдууд болон Ливан, Иракийн шийт үндэстний сайн дурынхан л тулалдаж буй аж.
Сирид газар дээр байлдааны ажиллагаанд оролцох боломжийг авч үзэж болох ч энэ талаар манай улсын эрх баригчид ямар нэг хүсэлт хүлээж аваагүй байна гэж Болгарын Батлан хамгаалахын сайд Николай Ненчев мэдэгджээ. Газар дээр байлдааны ажиллагаа явуулахгүйгээр Сирийн хямралыг шийдэхгүй гэж тэрбээр үзэж байна. Сири дэх ажиллагаанд оролцуулахаар Герман улс 1.2 мянган цэргийн алба хаагчаа явуулах боломжтой гэж үзэж буй аж. Тэгэхдээ энэ нь байлдааны ажиллагаанд оролцоно гэсэн үг биш, алан хядагчдын эсрэг тэмцэлд дэмжлэг үзүүлэх тухай яриа юм гэж Германы Батлан хамгаалахын сайд хатагтай Урсула фон дер Ляйен тодруулжээ. Уг асуудлыг энэ долоо хоногт парламент нь хэлэлцэх юм байна.Тэгвэл Сирид газар дээр байлдааны ажиллагаа явуулбал Британийн цэргийнхэн түүнд оролцох талаар ярилцаагүй байгаа гэж Ерөнхий сайд Дэвид Кэмерон нь өнгөрсөн бямба гаригт хэлжээ.