Сиритэй залгаа хилийг нь хаалгахын тулд АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа Туркэд шахалт үзүүлж байна гэж хэвлэлд бичиж байна. Энэ хилээр “Исламын улс”-ын дайчид орж гарч байдаг аж. Хилийг хаахын тулд 30 мянга хүртэл цэргийн алба хаагч, их буу хэрэгтэй болно гэж Пентагон үзэж буй юм байна.Хилээ хаахгүй, түүгээр нь алан хядагчид нэвтрэн Туркээр дамжиж Европт очоод цус асгаруулах үйлдлээ хийгээд байх юм бол Европын холбооны зүгээс дорвитой хариу арга хэмжээ авна гэж Анкарад Вашингтон анхааруулжээ. Парист аллага үйлдсэнээс хойш Туркэд үзүүлэх дарамт шахалт нэмэгдсэн аж. “Исламын улс”-д үзүүлж буй санхүүгийн шууд дэмжлэг, шинээр дайчид ирүүлэх, нефть худалдах зэрэг тусламж Саудын Араб, Катарын оролцоотойгоор Туркийг дамжин хэрэгжиж буй гэж Сирийн Ерөнхийлөгч Башар Асад нэг бус удаа мэдэгдэж байв. “Исламын улс”-ын дайчдыг Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоан, Ерөнхий сайд Ахмет Давутоглу нар биечлэн дэмжиж байдаг гэж Асад үздэг аж.
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн хэлснээс үзвэл алан хядагчдын бүлэглэлээс нефть авах сонирхол Туркийн өндөр албаны зарим хүнд байдаг юм байна. Үүнийг нотлох баримт ч бий гэнэ. Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков нефтийн бизнест Туркийн удирдагч Эрдоаны гэр бүлийн ашиг сонирхол бий, түүний хүргэн сая Эрчим хүчний сайд болсон. Эрдоаны хүү ч үүнд холбоотой гэх мэдээлэл бий гэж телевизийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлэв.Оросын Агаар-Сансрын хүч алан хядагчдын хяналтад байдаг нутаг дээр байгаа үйлдвэрүүд руу түүхий нефть зөөж буй машины цувааг бөмбөгдөж эхэлснээс хойш Анкара цухалдах болсон гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ сарын 27-нд мэдэгдэж байв. Сирийн Мэдээллийн сайд Омран Аз-Зоуби ч Сириэс Турк руу алан хядагчид нефть зөөж байсан цувааг дэлбэлсний хонзонгоор Оросын бөмбөгдөгч онгоцыг туркүүд сөнөөсөн гэдэгт эргэлзэхгүй байгаагаа өмнө нь хэлж байсан юм.
Дэлхийн зах зээлийн үнээс хоёр дахин хямд, нэг баррелийг нь 20 ам.доллараар “Исламын улс”-ын алан хядагчид түүхий нефть зарахыг хараагүй юм шиг царайлснаараа Туркийн эрх баригчид тэдэнд дэмжлэг үзүүлж байгаа юм гэж Иракийн улстөрч, нийгмийн зүтгэлтэн Муваффак аль-Рубай мэдэгдэв. Түүнээс гадна энэ бүлэглэлийн элсүүлж авсан шинэ дайчдыг дамжин өнгөрөх цэг нь Турк болж буй гэнэ. “Исламын улс”-ын элсүүлэгчид дүрвэгчидтэй Туркийн Истанбул хотод уулзаад Иракийн Мосул, Сирийн Ракка хот руу тэднийг зөөдөг гэж аль-Рубаи үзэж байна. Энэ хүн 2004-2009 онд Иракийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байжээ. Түүний хэлснээр бол “Исламын улс”-ын шархадсан алан хядагчид Туркэд ирж эмчлүүлдэг гэнэ.