Османы эзэнт улстай тэмцэлдэн байж Оросын өмнөд хилийн аюулгүй байдлыг хангаж байсан хатан хааны дурсгалыг хүндэтгэж Кремлийн нэгэн танхимыг “Екатеринагийн” гэж нэрлэсэн аж. Османы эзэнт улсыг залгамжлагч Туркийн хийгээд Орос улсын хооронд үүссэн хэрэг явдлын талаар чухамхүү энэ танхимд ярилцав. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар энэ сарын 26-нд мөн энд сэтгүүлчидтэй уулзлаа. Оросын хатан хаан Туркийг холбоотноо гэж үздэггүй байсан бол Путин түүнийг анд нөхрөө гэж үзэж, “чухам тийм ч учраас энэ явдлыг би урвалт гэж үзэж буй юм” гэж Оросын бөмбөгдөгч онгоцыг устгасан талаарх бодлоо илэрхийлсэн юм. Олланд ийм ноцтой дүгнэлт хийхээс түдгэлзсэн ч алан хядах явдлын эсрэг өргөн цар хүрээтэй эвсэл байгуулах гэсэн түүний хичээл зүтгэлд Анкара саад хийв. “Исламын улс”-ын аюулын талаар манай Ерөнхийлөгч хоёр ч удаа хэлсэн, харин Путин ганц ч удаа хэлсэнгүй. Хэн нь манай дайсан юм бэ” хэмээн хоёр Ерөнхийлөгчийн уулзалтыг ажиглаж байсан францын сэтгүүлчид гайхаж байв.
Тэдний уулзалт үр дүнтэй болсонгүй. Олландын хүчин чармайлт энэ орой шавхагдав. Түүний дипломат аяллын сүүлчийн зогсоол Москва байлаа. Тэрбээр даваа гаригт Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмеронтой, мягмар гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, лхагва гаригт Германы Канцлер Ангела Меркелийг оройн зоогонд уриад, пүрэв гаригт Италийн Засгийн газрын тэргүүн Маттео Ренцитэй ярилцсаны эцэст Путинтэй уулзахаар Москваг зорьсон юм.Парист алан хядах үйлдэл болж 100 гаруй хүний амь сүйтгэсний дараа Олланд эмгэнэл гашуудлаа илэрхийлсэн үгийг хүчирхэг эвсэл болгож хувиргахаар шийдсэн билээ. Бүх нийтээр эв санаагаа нэгтгэх ховорхон боломжийг аль болох хурдан ашиглахыг тэр хичээв. Тийм боломж ч түүнд байлаа. Синайн хойгт Оросын онгоц унасан нь түүн дотор байрлуулсан бөмбөг дэлбэрснээс үүдэлтэй гэж мэдэгдэхтэй зэрэг Путин Парисыг холбоотноо хэмээн нэрлэв. Сирид байгаа Оросын цэргүүдийг францчуудтай шууд холбоо тогтоохыг тушаалаа. Европын хөршүүд нь ч шийдэмгий хөдөлцгөөв. Малийн лалын дайчидтай тулалдахад нь Францын армид туслахаар ХБНГУ-ын Батлан хамгаалах яам 650 цэргээ тийш нь илгээхээ зарлалаа. Гэхдээ үүний тулд Бундестагаас зөвшөөрөл авах ёстой юм. Кипр дэх Агаарын цэргийн баазаа ашиглахыг францчуудад Лондон зөвшөөрч, Францын сөнөөгч онгоцуудыг цэнэглэхэд нь ч туслахаар тохиролцов.
Гэтэл Туркийн “ичгүүргүй довтолгоон” эвсэл байгуулах ажилд цохилт болох нь тэр. Оросын Су-24 онгоцыг Турк сөнөөсөн яг тэр өдөр Олланд Обаматай уулзаж таарсан юм. Тэгтэл өөрийн агаарын орон зайг Анкара батлан хамгаалах эрхтэй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. Тэгснээ Америкийн тэргүүлсэн олон улсын эвсэлд Орос нэгдвэл баяртай байх болно гэж хэлэв. Үйл явдал ийн өрнөсөн нь өргөн эвсэл байгуулах Олландын чармайлт хэрэгжих явцыг эргэлзээтэй болгож орхилоо. Оросын онгоцууд Сирийн тэнгэрт хэдийд, чухам хаана байсныг Америк мэдэж байжээ. “Бид онгоцоо хэзээ, хаана байгаа тухай мэдээллийг америкчуудад яах гэж өгөв өө? Холбоотнууд нь хаана, юу, хийж байгааг америкчууд хянадаггүй юм уу эсвэл хожим ямар үр дагавар авчрахыг ойлголгүй энэ мэдээллийг баруун, солгойгүй тараагаад байсан юм уу” хэмээн Олландтай уулзсаныхаа дараа хэвлэлийн бага хурал дээр Путин эгдүүцэн хэлсэн юм.
Уулзалт эхлэхэд Орос, Францын удирдагчдын нүүрэнд илт байсан ядарсан байдал төгсгөл рүүгээ хүйтэн хөндий байдлаар солигдов. Тэднийг харахад хэл амаа ололцжээ гэмээр шинж тэмдэг үгүй байлаа. Шуурхай мэдээгээ солилцох, цэргийн мэргэжилтнүүдийнхээ үйл ажиллагааг уялдуулах, алан хядагчидтай тэмцэж буй зэвсэгт хүчний салбарууд ямар нэг цохилтод өртөхгүй байх нөхцөлийг хангах. Путин, Олланд хоёр үүнээс илүүг тохирч чадсангүй.Тэдний санал юун дээр зөрөлдөөд байгааг Олланд шууд хэлж орхив. Францын удирдагчийн үзэж буйгаар бол Сирийн Ерөнхийлөгч Башар Асад зайгаа тавьж өгөх ёстой. Шилжилтийн үед түүний суудлыг эвслийн Засгийн газар эзэлж, шинэ Үндсэн хууль баталж, бүх нийтийн сонгууль явуулна. “Улс орныхоо ирээдүйд Асад ямар нэг үүрэг гүйцэтгэж болохгүй. Харин Орос бол чухал үүрэгтэй” гэж Олланд тэмдэглээд Сири дэх тэмцэл Украины асуудлаарх францчуудын байр суурьт нөлөөлөхгүй гэж хэлсэн байна.
Газар дээр байлдааны ажиллагаа явуулахгүйгээр алан хядагчидтай хийх тэмцэл амжилт олохгүй гэж Москва үзэж буй. Тэгвэл Сирийн Засгийн газрын армиас өөр хүч тэндхийн газар дээр одоогоор алга. Тийм хүч гараад ирвэл Москва түүнтэй хамтарч ажиллахад бэлэн байна.“С-400” системийг Сирид хэрэглэх нь олон улсын эвслийн үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Францын сэтгүүлчид сонирхоход “Алан хядагчдын хүрч чадахааргүй өндөрт манай онгоцууд байгаа гэж бид үзсэнээс Сирид ийм төхөөрөмж хэрэглэхгүй байсан юм. Орос улс одоо өөрийн онгоцыг бүх л арга хэрэгслээр хамгаалах болно” гэж Путин хариулсан байна. Ер нь л яриа хөөрөө Турктэй шөргөөцөлдөх чиглэл рүү улам бүр яваад байсан гэж хэлж болно. Алан хядагчдад эзлэгдсэн Сирийн газар нутгаас нефть зөөдөг машинууд Туркийг зорьж буй талаар Путин энд ярьжээ. “Энэ торхнуудад нефть төдийгүй манай иргэдийн цус байгаа юм. Яагаад гэвэл энэ нефтийг худалдаж олсон мөнгөөрөө алан хядагчид зэвсэг авч, түүгээрээ Синайд манай онгоцонд, Парис болон дэлхийн бусад хотод цус урсгасан үйлдлээ хийсэн. Туркийн дээд удирдлага энэ талаар юу ч мэдээгүй байгаа бол одоо мэдэж аваг” хэмээн Путин мэдэгдэв.Эрдоан алан хядагчдаас нефть худалдаж авсан нь нотлогдоод Туркийн Ерөнхийлөгчийн албанаасаа огцорно уу, байна уу “Бидэнд хамаагүй” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Путин хэлэв. Энэ үед Олланд дуугүй л байлаа.
Бараг энэ цаг мөчид Францын сурвалжлагчийн асуултад Туркийн Ерөнхийлөгч “Оросын онгоц болохыг нь мэдсэн бол бид анхааруулах дохиог өөрөөр өгч болох байсан” гэж хариулсан байв. Тэгвэл Путин үүнийг эрс үгүйсгэж “Манай онгоцууд дээр таних тэмдэг бий, тэр нь сайн харагдана. Манай нисэх хүчин ямар цуваанд хаана, хэзээ явах талаарх мэдээллийг Америкийн талтай тохиролцсон ёсоор урьдчилан өгсөн. Ийм дэмий шалтаг хэлэх хэрэггүй” гэсэн хариулт өгчээ. Путин Туркийг дайсан гэж үзэхгүй байгаа, харин урвагч гэж тооцож буй. Түүний тушаал гарч, Туркэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Оросын газар нутаг руу оруулахыг хориглож, хязгаар тавив. Туркийн хуулийн этгээдүүдэд энэ шийдвэр үйлчлэх аж. Ирэх оны эхнээс турк иргэдийг Орост хөлсний хөдөлмөр эрхлэхийг нь болиулахаар болов. Мөн Орос, Туркийн хооронд визгүйгээр зорчихыг түр хугацаагаар хориглолоо. Оросын иргэдийг Турк руу жуулчлахыг бас зогсоов. Хоёр улсын хооронд агаараар бараа тээвэрлэхийг хориглов. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ сарын 25-нд Туркэд хийх байсан айлчлалаа цуцлав. Тэгвэл Оросын эдийн засгийн энэ хориг Туркэд ямар ч нөлөө үзүүлэхгүй гэж Туркийн тал үзэж буй гэх мэдээлэл бий.