Каирын Эртний Египетийн түүхийн музейн хамгийн гайхалтай үзмэрүүдийн нэг болох Тутанхамон хааны дүр бүхий алтан багийг ажилтнууд нь санамсаргүйгээр гэмтээж, сахлыг нь хугалсан явдал энэ оны эхээр болсон талаар дэлхийн хэвлэлүүдэд мэдээлж байсан. Тэрхүү хосгүй бүтээлийг тус музейн лабораторид сэргээн засварлаж дуусжээ. Хааны “нүүрийг” сэргээн засварлах ажлыг Герман, Египетийн мэргэжилтнүүд гүйцэтгэсэн бөгөөд Египетийн Эртний соёлын өв хөшөө, дурсгалын сайд Мамдуха ад-Дамати мэдээлснээр хамгийн ярвигтай дамжлага болох сахлыг наасан цавууг цэвэрлэн авч, эртний египетчүүдийн орц, найрлагаар хийсэн өөр цавуугаар “хаанд” сахлыг нь эргүүлэн өгсөн байна. Өдгөө алтан хааныг “өргөөнд” нь дахин залсан гэнэ. Хэрэв багийг сэргээн засварлахгүй удсан бол орчин цагийн цавуунаас болж “хаан” өнгө зүсээ алдан, аажмаар цуурч, хагарах байсан гэж герман мэргэжилтэн К.Экман ярьжээ.
МЭӨ 1333-1324 онд хаан ширээнд заларч байсан Тутанхамоны бунхныг Британийн археологич Х.Картер 1922 онд Луксор дахь Хаадын хөндийгөөс илрүүлэн, малтсан байдаг. Бунхнаас 1200 тонн алт, эрдэнэс гарснаас гадна хааны занданшуулсан шарилыг оюу эрдэнийн шигтгээ бүхий цэвэр алтан хоргонд залсан байжээ.