Өмнөд хөршийн Бээжин, Шанхай зэрэг хэд хэдэн том хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсний улмаас дунд сургууль, цэцэрлэгийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж байгаа талаар дэлхийн хэвлэлүүдэд энэ сарын эхээр мэдээлж байсан. Тэр дундаа Бээжингийн агаарын бохирдол олон улсын стандартад заасан аюулын харанга буюу улаан шугам давсан учраас хотын засаг захиргааны шийдвэрээр авто машинуудыг тодорхой хуваарийн дагуу хөдөлгөөнд оролцуулах болж, онцын шаардлагагүй бол иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг ч анхааруулсан. Тэгвэл хоёр хоногийн өмнөөс Бээжинд оршин суугчид тусгай савлагаатай цэвэр хүчилтөрөгч авч явах болжээ. Нэг шоо метр агаар дахь бохирдлын хэмжээ 300 микро гр буюу ДЭМБ-ын зөвшөөрсөн хэмжээнээс 12 дахин ихэссэн ийм үед цэвэр агаар хамгийн эрэлттэй байгаа бөгөөд Хятадын Засгийн газар Канад улсаас цэвэр агаар худалдан авах шийдвэрт хүрсэн байна. Савласан агаарыг “Vitality аir” нийлүүлж байгаа аж. Нэг сав агаар 100 юань буюу ойролцоогоор 30.000 төгрөг гэнэ.