Хэдхэн жилийн өмнө АНУ-д хууль бус дуудлага худалдаагаар зарагдах гэж байхад нь амжиж "аварч", эх оронд нь эргүүлэн авчирсан Батаарын олон "дүү" эх орондоо ирэх нь. Тэдний нэг нь "Үндэсний баялаг" киногоор нь бидний сайн мэдэх Холливудын нэрт жүжигчин Николас Кэйж.
Николас Кэйж өөрийн худалдаж авсан үлэг гүрвэлийн олдворыг монголчуудад эргүүлэн өгөх болсныг "Reuters" агентлаг мэдээллээ. Тэрбээр 2007 оны гуравдугаар сард Бэверли Хиллсийн галерейд болсон дуудлага худалдааны үеэр 276.000 ам.долларын уг үлэг гүрвэлийн олдворыг худалдан авч байсан аж.
Өнгөрөгч лхагва гаригт Манхэттэнд болсон шүүх хурлын үеэр Холливудын одын цуглуулга дахь олдворыг Монголд эргүүлэн өгөх шийдвэр гарсан байна. Тухайн үед шүүх байгууллагынхан тус олдворын эзний нэрийг нууцалсан бөгөөд зөвхөн дуудлага худалдаа болсон газар, цаг хугацаа, ямар үнээр авсныг л мэдээлсэн байна.
Тэгвэл өөр нэг эх сурвалжийн өгүүлж буйгаар тус дуудлага худалдаанд жүжигчин Леонардо Дикаприо ч оролцсон аж.