Буянтай царайтай, цагаан сахал, улаан дээл малгайтай өвгөн гэхээр яалт ч үгүй нэг хүний дүр төсөөлөлд бууна. Учир нь Санта Клаус гэх энэ ер бусын царайг хараагүй, мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Тэрээр цаа буга хөлөглөн зул сар, шинэ жилийн баяраар хүүхдүүдэд уут дүүрэн бэлэг тарааж явдаг буянтан. Тэгвэл тэр өнөөдөр тун завгүй байгаа аж. Учир өнөөдөр бол Зул сарын баярын өдөр. Дэлхийн өнцөг булан бүрт энэхүү баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. 2000 жилийн тэртээ Есүс Христ Израйлын Бэттлхэмд төрж, Христосийн шашинд “ертөнцийг аврагч” хэмээн өргөмжлөгдөж байсан гэдэг. Тиймдээ ч энэхүү баярыг дэлхий даяараа маш сүртэйгээр тэмдэглэдэг ба ялангуяа барууны болон европ, зүүн ази хавиар Христийн шашинтай улс орнууд маш өргөнөөр тэмдэглэдэг аж.
Анх манай эрины 366 онд Христийн шашинтнууд Ромд зул сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан бөгөөд 1100 оны үед Зул сарын баяр шашны хамгийн өргөн хэмжээний ёслол болсон байна. Харин сүүлийн 10-аад жилд зул сарын баярыг нэг тогтсон заншлаар бус хүссэн хэв маягаараа тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

2013 онд Сөүл хотод 1000 гаруй сайн дурынхан Санта Клаусын дүрд хувилж, төв гудамжаар парад алхаж. ядуу, гэр оронгүй иргэдэд хандив цуглуулж өгчээ.

Их Британи, Лондонд худалдаачид Hyde паркад "Өвлийн гайхамшиг" фестивалийг 6 долоо хоногийн турш зохион байгуулдаг.

Палестин хүүхдүүд Мангерын талбайд Санта Клаусын хувцас өмсөж, Христийн сүмийн гадаа дурсгалын зураг авахуулдаг байна.

Хонгконгийн худалдааны талбайд иргэд Зул сарын өмнөх орой цугларч, цаасан салют буудуулж баярлацгаадаг.

Техаст Зул сарын баярын өдрүүдээр "Панчо Клаус" дунд сургуулийн сурагчдад бэлэг тараадаг юм байна.

Энэтхэгчүүд Зул сарын өмнөх өдөр төв талбайд лаа барин алхаж, мөргөл үйлддэг байна.

Австралийн Сиднейд оны хамгийн том хямдралтай худалдаа болдог байна. Эдгээр өдрүүдэд 20 тэрбум хүртэлх төгрөгийн худалдан авалт хийж байжээ.

Англичууд Зул сарын өмнөх өдөр сүм болон гудамжинд 13 дугаар зууны үеийн Зул сарын сүлд дууг дуулцгаадаг байна.

Хятадын Чиндаогийн усан паркад Санта клаусын өмсгөлтэй шумбагчид үзүүлбэр үзүүлдэг гэнэ.

Токиогийн Диснейн паркад Сантагийн парад, Үнсгэлжингийн шилтгээн зэрэг олон шоу зохион байгуулагддаг байна.