Ю.Гагарин сансарт ниссэн гэх үйл явдлыг хүмүүст ил болоогүй нууцыг дэлгэсэн гэж үздэг “Дэлхийг өөрчилсөн 108 агшин” гэдэг ном 2011 онд хэвлэгдсэн байдаг. Уг номыг Антон Первушин гэдэг хүн бичжээ.
Түүнд чухам юун тухай өгүүлдэг, сансрын салбарынхан юуг, яагаад нууцалдаг, Гагарины байгуулсан гавьяаны мөн чанар, шинжлэх ухаан, технологийн хөгжилд уфологи (нисдэг биет судлах ухаан)-ийн үзүүлэх нөлөө зэрэг асуудлаар зохиогчтой хийсэн ярилцлагыг сонирхуулья.
-Номондоо өгүүлсэн зүйлийн талаарх мэдээллийг та хаанаас хэрхэн олж авсан бэ?
-Энэ асуултыг хүмүүс их тавьдаг нь намайг сансар судлалын түүхч гэж үздэг болсонтой ч холбоотой байж мэднэ. Би бол сансар судлалын ажлын талаар олон түмэнд мэдээлж байдаг л хүн.
Урьд нь нууцалж байсан сансрын тухай материалуудыг би үзэж, судалдаг юм. Тэгээд энэ бол сансрын хөтөлбөр юм байна, харин энэ нь сарны нууцад нэвтрэх зорилготой хөтөлбөр байж гэж ялгаж салгахтайгаа болсон.
Бүгд Зөвлөлт засгийн үед боловсруулсан зүйлс. Тэдгээр баримт дотор ганцхан хувь үйлдсэн зүйл ч цөөнгүй. Тухайлбал, ямар нэг үйл явдлыг нүдээр үзсэн хүмүүсийн гэрч яриа.
Сансар огторгуйн тухай мэдээллийг би 15 жил цуглуулж байна. Тэдгээрийг архив, сэдэвчилсэн бага хурлууд, “Сансар судлалын мэдээлэл” мэт зориулалтын ном хэвлэлээс олж авдаг.
Энэ их сайн сэтгүүл, харамсалтай нь мэргэжлийн хүмүүс л ойлгоно уу гэхээс сансар судлалаас хол хөндий хүн ихэнхийг нь ойлгохгүй.
Би инженер болохоор ийм бэрхшээл байхгүй. Тэгээд ч би сансар судлалын амьд түүхүүд (түүхчид)-тэй мэдээлэл солилцож, тэдний материалыг ашигладаг юм.
Би олж авсан мэдээллээ нэгтгэн дүгнэж, задлан шинжилгээ хийж, зарим хэтрүүлэг, үзэл суртлын чанартай юмыг нь бодит баримтаас зааглаж, уншигчдад ойлгомжтой энгийн хялбар болгодог.
Зохиолч хүний хувьд техникийн баримт, нарийн ширийн юмыг уншигчдад ойлгомжтой сонирхолтой хэлбэрээр бичнэ.
-Таны бодлоор одоо хэр нь нууцалсаар байгаа болон олонд ил болгосон мэдээллийн харьцаа тооны хувьд ямар байгаа бол?
-Албан ёсоор зарлаагүй бүх арга хэмжээ, хэрэгжүүлж чадаагүй юм уу, буруу хэрэгжүүлсэн зорилтоо Зөвлөлт засгийн үед нууцалдаг байсан юм. Ийм үйл явдлын талаарх мэдээллүүдийг сүүлийн үед л олонд дэлгэж байна.
Сансар руу анхны хүн нисэх үед учирч байсан бэрхшээлийн тухай мэдээллийг 1990-ээд оны дунд үеэс л хүмүүст ил болгож эхэлсэн шүү дээ.
Одоо хэр нь нуусаар байгаа зүйл ч олон бий. Гэхдээ Гагарины нислэгийн тухай баримтын ихэнх нь олны сонорт хүрсэн.
Нийт дүнгээр нь авч үзвэл сансар судлалын хөтөлбөрийн цэрэг, дайнтай холбоотой мэдээллийн 10 орчим хувийг л одоогоор ил болгоод байна.
Сарнаа явагчдын хөтөлбөрийн олон юмыг нууцлахаа больсон ч түүнийг хэн ч сонирхохгүй юм.
-Сансрын хөтөлбөрийн олон мэдээллийг одоо хэр нь нууцалсаар л байна уу?
-Тийм байна. Тухайлбал, цэрэг болоод сансрын зориулалттай “Звезда” хөлгийн тухай ямар нэг юм мэдэх гээд оролдоод үзээрэй. Та юу ч олж мэдэж чадахгүй. Ийм хөлөг байсан юм.
Одоо хэр нь нууцлаад байгаагийн учрыг би олдоггүй, гэхдээ Холбооны сансар судлалын агентлагийн нэр хүндийг олны өмнө унагачихаж болзошгүй тул нууцалж байдаг асар их мэдээлэл байдгийг би мэднэ.
Ямар бэрхшээл учирч буй талаар, үнэн хэрэгтээ чухам юу болж байгаа тухай хүмүүст ярьж өгч байвал түүнийг зөв ойлгоно гэж боддог болохоор энэ нууцалдаг бодлогыг би хувьдаа буруу гэж үздэг.
Сансар судлал маань татвар төлөгчдийн мөнгөн дээр оршин тогтнодог учраас юу болж байгааг тэд мэдэж байх нь чухал. 1960-аад онд бол сансрыг эзэмших үйлсэд өөрсдийгөө оролцож байна гэж хүмүүс үнэхээр боддог байсан юм. Тэр бодол одоо байхгүй болсон.
-Гэхдээ л 1960-аад онд нууцалдаг мэдээлэл одоогийнхоос илүү байсан шүү дээ.
-Тэгэхдээ сансрын хөтөлбөрийн талаар хүмүүс их мэддэг, хагас үнэнийг, зарим тохиолдолд бүр огт худлаа бичдэг байсан ч гэсэн энэ талын ном элбэг байсан юм. Манан будан их байх нь ч байсан л даа.
Тухайлбал, Гагарины нислэгийг аваад үзье. Энэ нислэг их сайн, бүр гайхалтай болсон, хөлөг ном ёсоор хөөрч, дэлхийг тойроод, ямар ч түвэг бэрхшээл учралгүй тооцоолсон газраа буусан гэж хүмүүст ярьсан.
Тэгтэл Гагарин үнэндээ юу ч хийгээгүй гэх агуулгатай нийтлэл нислэгээс хойш хоёр хоногийн дараа Өрнөдөд гарч эхэлсэн.
Гагарин өөрийн биеийг туршилтын объект болгон ашиглуулж, өөрөөс нь өмнө сансарт ниссэн нохой шиг л яваад ирсэн болохоор түүнийг ингэтлээ хөөргөж дэвэргэх хэрэг юу байна? Уурхайчид хонгилдоо, усан цэрэг усан доогуур явдаг завиндаа өдөр болгон хэцүү бэрхийг даваад л гарч байдаг, сансрын нисэгч чухам онцгой юм юу хийчихсэн юм бэ?
Тэгвэл үнэн хэрэг дээрээ Гагарины нислэг мэдээлээд байсан шигээ шулуун дардан байгаагүй юм. Сансрын тойрог зам гэдэг урьдчилан тооцоолж болдог эд биш, тэр 100 километрийн өндөрт хэрэв хөлгийг тойрог замаас нь гаргах тооромсон төхөөрөмж ажиллахаа больчихсон бол Гагарин тэнд хэдэн долоо хоног байж, улмаар амиа алдах нь гарцаагүй байсан.
Төхөөрөмж тооцоолсон ёсоор ажиллаагүй, харин тэнд жолоодлогогүй эргэлдэж, нисэгчийг газарт буулгах төхөөрөмж агаар мандлын давхаргад орж иртэл хөлгөөс салахгүй байжээ. Энэ бол тун санамсаргүй явдал юм.
Нислэгийг удирдах төв хөлөгтэй холбоо тасарч, “Восток” тооцоолоогүй газарт буусан. Сансарт юу болсон талаар Гагарины ярьсны дагуу инженерүүд хөлгийн бүтцэд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийсэн.
Энэ үед нислэгийн тухай илтгэлийг удаан хугацаанд нууцалж, нэг жилийн дараа л мянга орчим хувь хэвлэсэн байдаг. Миний ном үүнээс олон хувь хэвлэгдэж, энэ илтгэлийг түүнд бүрэн эхээр нь оруулсан.
Нислэг 108 минут үргэлжлээгүй, 113 минутад багтсаныг би баримт дээр үндэслэн номондоо өгүүлсэн.
-Таны номонд дурдсан баримтыг манай болон Өрнөдийн хэвлэлд шуугиан дэгдээх зорилготой зүйл гэж бичсэнийг Та юу гэж үздэг вэ?
-Номоо би удаан хугацаанд бичсэн, тэнд дурдсан баримтуудыг нарийн чанд бодож боловсруулсан, шуугиан дэгдээх гэсэн юм огт байхгүй, үнэн хэрэг дээрээ чухам юу болсныг л би өгүүлэхийг зорьсон болохоор үүнд нэлээд гайхсан.
Гагарин хийгээд түүний нислэгийн тухай надад маш олон ном бий, тэдний ганцад нь ч үнэнийг бичээгүй.
Миний номонд Гагарины тухай бараг өгүүлээгүй, харин нислэгт хэрхэн бэлтгэсэн, пуужин болоод хөлгийг яаж зохион бүтээсэн, учирч болох аливаа бэрхшээлээс зайлсхийхийн тулд техникийн ямар шийдлүүд гаргасан тухай л голчлон өгүүлдэг юм. Сансрын анхны нислэгийн талаар аль болохоор бүх үнэнийг хэлж өгөхийг би зорьсон.
Би өөрөө нэгэн үе шар хэвлэлд ажиллаж байсан болохоор тэд юу сонирхдогийг мэднэ. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд юунд ач холбогдол өгч байсан тухайд би сөрөг байдлаар ханддаггүй.
-Тэгэхлээр Таны номыг нууцыг задалсан, шуугиан тарьсан зүйл гэж үзэж буй нь бүтээлийн тань имижид хор хохирол учруулахгүй, түүнээс төрөх сэтгэгдэлд нөлөөлөхгүй гэж үзэж байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Би түүхч биш гэдгээ давтан хэлье. Хэрэв түүхч байсан бол номыг маань ингэж үнэлбэл сүйрэл болох байсан биз. Би бол түгээгч, ийм хүний хувьд зарим баримтыг гуйвуулсан нийтлэл бичих нь муу юм биш.
Яагаад гэвэл ийм нийтлэл хүмүүсийн сонирхлыг татаж, сансар судлалын сэдэв рүү өөрийн зоргоор хэзээ ч хандахгүй уншигчдыг татахад тус болдог юм. Шуугиан дэгдсэний ачаар хүмүүс энэ асуудлыг сонирхож, номыг авч уншина.
Эхний өдөр л номыг чинь 18.000 хүн худалдаж авлаа гэж хэвлэлийн газраас нь над руу утасдсан, энэ чинь муу юм биш биз дээ.
-Таны бичсэн нийтлэлүүд, тухайлбал энэ номонд “Роскосмос” юм уу пуужин-сансрын салбарын өөр албан ёсны байгууллагын зүгээс хэрхэн хандав?
-“Роскосмос”, “Энергия” цогцолбортой би нягт холбоотой, “Российский космос” сэтгүүлтэй хамтарч ажилладаг төдийгүй өөрийн хөтөлдөг булантай, сансрын нисэгчийн дунд олон найз нөхөдтэй. Аливааг бичихдээ өөртөө хяналттай ханддаг.
“Роскосмос”-ын хүмүүс миний бүтээлийг уншдаг, ашигтай шүүмжлэлээ ч хэлж л байдаг. Үүнээс гадна би мэдэхгүй асуудал гарч ирсэн тохиолдолд холбогдох мэргэжилтнүүдээс асууна. Ер нь бол би бичиж байгаа зүйлээрээ хэн нэгнийг гомдоохгүй, нэр төрд нь халдахгүй байхыг хичээдэг юм.
Би ердөө бодит байдал дээр ямар байсныг, үнэнийг л бичдэг, ямар нэг асуудлыг хурцатгах дургүй. Сансар судлалын талаар цаашдаа ч олон жил бичих бодолтой байдаг болохоор “Роскосмос”-той ямагт холбоотой ажилладаг.
Тэндхийн хүмүүс надад жигтэйхэн сайн гэж хэлэхгүй, гэхдээ ядаж л хүлээцтэй ханддаг юм.
-Таны бичсэн зүйлийг анхаарч ажваас Оросын сансар судлалын тухай төдийгүй сарны нууцад нэвтрэх гэж байсан талаар, Дотоодыг хамгаалах ардын комиссариатын газар, Сталин, Гитлер, тэр ч бүү хэл үл мэдэх нисдэг биетийн тухай бичсэн ном ч байдаг юм билээ. Ийм олон янзын сэдвээр бичих мэдээллээ хаанаас олж авдаг юм бэ?
-Сансар судлал, ер бусын үзэгдэл, янз бүрийн нууцыг сонирхох болсон нь зөгнөлт уран сэтгэмжид дурлах болсноос эхтэй. Үүнийг би хүүхэд байхаасаа сонирхсон, өөрөөр хэлбэл зөгнөлт зохиол бичиж эхэлсэн юм шүү дээ.
Эхэндээ би уран зохиолын ийм төрлийг сонирхох бодолгүй байснаа яваандаа сонирхол татах болсон. Энэ гаж сонин үзэгдэл, зөгнөл, хачирхалтай онол, нууц эд энд чинь бодит түүх нөлөөлөх болсон юм. Урнаар зөгнөх явдал аливаа салбарын хөгжилд хэрхэн нөлөөлж буйг би сонирхох болсон.
Нууцлаг юмс, тухайлбал гаж сонин үзэгдлүүд явцуу, нэг талыг барьсан байдаг болохоор залхуу хүргэж, уйдаах нь амархан. Бүх юм нь хэдхэн янзын төгсгөлтэй.
Тэгвэл сансар судлал огт өөр, маш олон талтай, түүний талаар бичих сэдэв дуусашгүй. Тухайлбал, бодитой сансар судлалын зэрэгцээ бодитой биш гэж бас байна. Өөрөөр хэлбэл, боловсруулж бэлтгэсэн мөртөө хэрэгжүүлээгүй төслүүд байдаг юм.
Сансар судлалын биш сэдвээр бичсэн номондоо оруулсан мэдээллийг хэвлэгдсэн олон тооны баримтаас авдаг. Жишээлбэл, тодорхой хүрээнд тараагддагаас өргөн олонд хүрдэггүй хэвлэлүүдэд нийтлэгдсэн аливааг нүдээр үзсэн хүмүүсийн яриа дурсамжийг ашиглана.
Сэдэвчилсэн бага хурлуудын материал бас хэрэг болно. Бүтээлийн маань баатруудын төрөл садангийн хүмүүсийн яриа ч надад тус болдог л юм. Хамгийн түвэгтэй юм бол цуглуулсан материал дотор зөрүүтэй юм байх.
Жишээлбэл, Гречко (Зөвлөлтийн сансрын нисэгч, ЗХУ-ын хоёр удаагийн баатар Георгий Михаилович Гречко) нэг юм ярихад Леонов (Зөвлөлтийн сансрын нисэгч, ЗХУ-ын хоёр удаагийн баатар, задгай сансарт анх удаа гарсан Алексей Архипович Леонов) өөр юм ярьсан байвал хэнийх нь үнэн зөв бэ хэмээн тархиа гашилгах хэрэг гарна.
Ийм тохилдолд өөрийн олж авсан боловсрол, эрүүл сэтгэхүй, шийдвэр гаргах чадвартаа л найдахаас аргагүй болно. Бас статистик их тус болдог юм. Би болж өгвөл интернэтийн мэдээлэл ашиглахгүйг хичээдэг. Тэдний ихэнх нь буруу ташаа байдаг юм.
-Цаашдаа ямар төлөвлөгөөтэй, юу бичихээр зэхэж байна вэ гэсэн уламжлалт асуулт эцэст нь тавья даа.
-Би дэлхийн сансар судлалын ирээдүйн талаар, ойрын арван жилд ямар байх тухай юм бичихээр “Эксмо” хэвлэлийн газартай гэрээ байгуулчихсан. “Зөвлөлтийн сансар судлалын бүрэн түүх” гэсэн цомог гаргана.
Бэлэг дурсгалд зориулсан бүтээл байх юм. Түүнд сансрын нислэг тус бүрийн талаар, хиймэл дагуулын тухай болон бусад зүйлийн талаар товч өгүүлнэ.
Нэлээд цааших үеийн төлөвлөгөө гэвэл сансар судлалын холын ирээдүйн тухай “Харийн Ангараг” гэсэн роман бичих бодолтой байдаг. Энэ бол уран зохиолын бүтээл байх учраас юмсын тухайд нэлээд чөлөөтэй бичих боломжтой.