1870 онд Парисаас шилэн лонхонд хийж, Норманд нутагруугаа далайд хөвүүлсэн захидал саяхан Австралийн Брисбен хотоос олджээ. Уг захидал бичигт Германы бүслэлтийн өдрүүдийн талаар өгүүлсэн байжээ.
1870 оны Герман-Францын дайны үеэр бүслэлтэд орсон Парис хотоос шилэн лонхтой захидал илгээсэн нь 145 жилийн дараа Австралид ирсэн байна. Хэрхэн Австралид ирсэн нь тодорхойгүй энэ ховор баримтын талаар илүү ихийг олж мэдэхийг архивын ажилчид хүсэж байна гэж тус улсын Үндэсний архивын орлогч дарга Louise Doyle хэлжээ.
Парисыг бүслэгдсэн байхад Францын эзлэгдээгүй хэсгээс лонхонд хийх замаар захиа илгээх нь цорын ганц боломж байжээ. Австралид ирсэн захиаг Чарлез Месниер эсвэл Месмиер гэдэг хүн 1870 оны 12-р сарын 6-нд одоогийн Францын Дээд Норманд мужийн Пон-Одеме хотод амьдарч байсан ээждээ бичсэн байна. “Лонхон шуудан” гэсэн тэмдэглэгээтэй захиаг 12-р сарын 7-нд илгээсэн ажээ.
Нэг хуудас захиандаа тэр хүн, “Би сайн байна. Бид өдөр бүр мах идэж чадахгүй байна. Авбал маш бага хэмжээтэйг авч байна. Гэсэн ч бид эсэн мэнд сайн сууцгааж байна” хэмээн ээждээ бичжээ. Мөн “Парис зөвхөн Пруссыг (Германы Райхын муж улс) л бут цохих хүсэлтэй байжээ. Нийслэлийнхээ үүд хаалгыг нээхийн тулд ямар зовлон шаналлыг даван туулахад Парис бэлэн байна” гэж захидалд бичжээ.
1870 оны 11-р сарын 29-нөөс 12-р сарын 1-ны хооронд Францын нийслэл орчимд нэлээд хэдэн ширүүн тулаан болсон тухай тэр цааш нь бичжээ. Францчууд Пруссын их бууг булаан авсан төдийгүй мянга мянган цэргийг олзолсон байна. Тэдгээр “аз жаргалтай” өдрүүд одоо илүү “аймшгийн”болж хувираад байна гэж бичжээ. “Шударга үйл” амжилт олно гэж захидал бичсэн хүн итгэж байсан аж. Эрчимтэй бөмбөгдөлтийн дараа 1870 оны 1 дүгээр сарын сүүлчээр Парис германчуудаас галаа түр зогсоохыг хүссэнийг захидалд тэмдэглэсэн байна.
