Эрүүгийн гэмт хэрэгт хүчингийн хэрэг хамгийн аймшигтай бас адгийнд тооцогддог. Тийм хэргийг янз бүрийн боловсрол, түүх намтартай, мөн нийгмийн олон давхаргынхан үйлдсэн байдаг. Балмад нэгэн, бас доожоогүй оюутан, эсвэл нийгэмдээ нэр хүндтэй эрдэмтэд ч тийм бусармаг хэрэг үйлддэг.
“Би хүчирхийлэгч” гэж хэн ч духан дээрээ бичихгүйгээс хойш гэмт хэрэгтнийг таних аргагүй. Бусдаас юугаараа ч ялгагдахгүй аав, ах, өвөө, царайлаг залуугийн дотор ямар аймшигт араатан нуугдаж байхыг хэн мэдэх.
Тэд хохирогчдоо хүчээр, эсвэл хууран мэхэлж, хүнгүй буйд газарт аваачаад, дайрдаг. Тэд эрт орой хэзээ нэгэн цагт заавал баригддаг. Гэвч тэр болтол хэдэн хүний амь сүйдэж, хэчнээн бүсгүй бие, сэтгэлээрээ хохирох бол.
Өсвөр насны нэгэн охин цэцэрлэгт хүрээлэнгийн захаар яаран алхана. Тэнгэрт бараан үүл хурч, аадар айсуй. Охины дэргэд улаан өнгийн машин зогсоод, дотроос нь нэг эр гарч ирэв. Тэгснээ охины нүүрийг алчуураар таглах шиг болов. Хөөрхий охин тэр дороо л сулбайгаад явчихаж. Танихгүй эр түүнийг машиндаа оруулаад давхиж одов.
2010 он. Элла
Москва хотын Ново-Переделкино дүүргийн цагдаагийн хэлтэст айж, сандарсан эмэгтэй ирээд, охин нь алга болсон тухай мэдүүлжээ. 13 настай Элла охин найз нартайгаа өглөө нууранд сэлэхээр яваад, эргэж ирсэнгүй. Найз охидынх нь яриагаар бол бороо шивэрч эхлэхэд л бүгд гэр гэр рүүгээ гүйлджээ.
Элла ч бас харихаар гүйжээ. Эцэг эх, багш нарынх нь тодорхойлсноор Элла хариуцлагатай, сурлага сайтай, даруу төлөв охин бөгөөд элдэв янзын хүнтэй нийлдэггүй аж. Түүнийг барьцаалсан байж магадгүй гэсэн хувилбар эхнээсээ л үгүйсгэгджээ.
Дэлгүүрийн жирийн худалдагч хийдэг ээж нь өндөр үнэ төлж чадахгүй нь ойлгомжтой. Гэтэл хоёр өдрийн дараа Элла хагас ухаантай шахуу эргээд иржээ. Хөөрхий охиноо ээж нь эмнэлэг рүү авч явав. Шинжилгээгээр охин зодуулж, хүчиндүүлсэн нь батлагдсанаас гадна цуснаас нь спирт, нойрсуулах бодис илэрсэн байна.
Уг хэргийг үйлдсэн гэмт хэрэгтнийг мөрдөж эхлэв. Мэдээлэл тун бага байлаа. Гэнэтийн цочролд орсон, мөн нойрсуулах бодист хордсон охин бараг юм санахгүй байлаа.
Бороо орж гэр рүүгээ яарсан, улаан машин дэргэд нь зогссон, голын хажууд нүцгэн хэвтэж, үл таних залуучууд гар утсаараа зургийг нь авч байсан, дараа нь гараажид эвгүй үнэртэй алчуурыг нүүрэнд нь дахин наасныг бүүр түүрхэн л санав.
Хамгийн сүүлд ухаан орохдоо гэрийнхээ ойролцоох зам дээр зогсож байжээ. Тэгэхээр гэмт хэрэгтэн ганцаараа биш. Бүлэг байх нь. Охин улаан өнгийн машины дугаар болон маркийг санахгүй байсан тул түүнийг хэдэн сая хүн амтай хотоос олно гэдэг бухал дотроос зүү эрэхтэй адил.
Элла айсандаа тэдгээр залуугийн царайг ч тогтоож чадаагүй аж. Сэжигтэй улаан машинтай холбоотой ижил төстэй хэрэг гарсан талаар хотын цагдаагийн бүх хэлтсээс тодруулахад тийм хэрэг бүртгэгдээгүй байв.
2011 он. Таня
Москва хотын Вернадскийн өргөн чөлөөний цагдаагийн хэлтэст нэгэн эмэгтэй хүчиндүүлсэн талаар өргөдөл гаргажээ. Түүнийг хулгайлан, нэгэн гараажид аваачиж, гурван өдрийн турш хүчинджээ. Яаж гэртээ ирснээ бүсгүй санахгүй байв.
Хамт амьдардаг найз нь “Таня хар тамхинд мансуурсан байдалтай хүзүүгээ боомилуулсан ул мөртэй, зодуулсандаа нүүр царай, толгой нь маш их хавдсан байсан” гэжээ. Таня гэртээ хэд хоног хэвтэж тэнхэрсэн байна.
Харин гэмт хэргийн талаар цагдаад мэдэгдэх, эсэхээ шийдэж чадахгүй байжээ. Бэлгийн хүчирхийлэлд автсан хохирогчид хуулийн байгууллагад тэр болгон ханддаггүй аж. Гэмт хэргийн судалгааны дүнгээр хүчингийн хэргийн бодит тоо бүртгэгдсэнээсээ дунджаар дөрөв дахин олон аж.
Хэрэгтнийг баригдана гэдэгт итгэдэггүй бүсгүйчүүд байхад, хүн амьтны ярианы зугаа болохоосоо айдаг нь олонх байдаг гэнэ. Хэтэрхий задгай хувцаслаж, эсвэл хаа хамаагүй хүнтэй танилцаж яваад хүчиндүүлдэг гэсэн өрөөсгөл ойлголт нийгэмд тогтсонтой холбоотой аж.
Таня тэр өдөр найз нартайгаа клуб оржээ. Найзууд нь бүжиглэж байх хооронд царайлаг нэг залуу дэргэд нь ирж суугаад коктейлиор дайлахыг санал болгожээ. Бүжиглэж, халууцсандаа Таня танихгүй залуугийн саналыг хүлээн зөвшөөрөв.
Царайлаг залуугийн дайлсан коктейлийг уусны дараа Танягийн бие гэнэт муудсан байна. Нэг ухаан ортол бүдэг гэрэлтэй гараажид түүнийг хэн нэгэн хүчиндэж, хоёр хүн бичлэг хийж байлаа. Тэд бүсгүйд байсхийгээд л нэг шингэн зүйл уулгаад байж.
Түүний дараа Таня эргээд ухаан алдаж байв. Бүсгүй эргээд ухаан орохдоо орчин тойрноо сайн ажиглажээ. Гараажид дөрвөн залуу байв. Хоёр нь хөзөр тоглож, нэг нь Танятай бэлгийн ажил хийж, дөрөв дэх нь зураг авч байв. Таня ухаан орох болгондоо гэмт этгээдүүдээс өөрийгөө тавьж явуулахыг гуйж байлаа.
Хариуд нь тэд хараар амьдарч ажилладаг дундад азийнханд өгнө шүү гэж сүрдүүлж байжээ. Таня байн байн чадах чинээгээрээ эсэргүүцэл үзүүлж байсанд гэмт этгээдүүд уурлан, түүнийг үнэхээр зарчихсан байна.
Ангаж цангасан 10 гаруй эр бүсгүйг ээлжлэн хүчирхийлсэн аж. Хохирогч ухаангүй байсан тулдаа амьд үлдсэн гэнэ.
Гэмт этгээдүүд жилийн өмнө Элла охиныг бузарласан шигээ ажиллаж байлаа. Улаан машин, нойрсуулах бодис, гарааж, хүчирхийлэл. Тэгэхээр эл хэрэг нэг, хоёроор зогсохгүй. Москвагийн аль нэг дүүрэгт бүлэг хүчирхийлэгч байгаа нь тодорхой.
Тэд бусармаг үйлдлээ дүрсжүүлэн, бичлэг хийж байсан. Яах гэж? Эргэн дурсах гэж үү. Юу л бол. Мөрдөх ажиллагаанд компьютерын гэмт хэрэгтэй тэмцэх албыг татан оролцуулав. Зөв таамаг дэвшүүлсэн нь удалгүй нотлогдов.
Садар самуун сурталчилсан олон сайтын нэгээс Элла, Таня нарын нүцгэн зураг олдов. Мэргэжилтнүүд ямар компьютерээс тэр бичлэгийг байрлуулсныг тогтоогоод зогсохгүй эзнийг нь ч олжээ.
47 настай Курицыныг гэрээс нь баривчлан, нэгжлэг хийхэд садар самуун бичлэгтэй дискнүүд гарчээ. Курицын тэдгээрийг дүрс бичлэгийн зах дээрээс худалдаж авсан, хүчингийн хэрэгт ямар ч холбоогүй гэдгээ мэдүүлэв. Шалгаж үзтэл бичлэгийг үнэхээр худалдаж авсан байв.
Дүрс бичлэгийн захын хэдэн зуун мухлагийн аль нь бүлэг гэмт этгээдтэй холбоотойг олох арга бараг үгүй аж. Харин Курицын садар самуун сурталчилсан хэргээр эрүүгийн хариуцлага хүлээжээ. Энэ үеэр нууцлаг улаан машинтай бүлэг этгээдэд хүчиндүүлсэн тухай гомдол шил даран гарах болов.
2012 он. Марина
Москва хотын “Тёплый стан” дүүрэг. Тэр орой Марина найз залуутайгаа муудалцаад гэрээсээ гарч, тамхи авахаар ойролцоох дэлгүүр явжээ. Дэлгүүрийн үүдэнд Маринад гурван залуу дөхөж очоод яриа өдсөн байна. Яриа яваандаа машинаар Москва хотоор зугаалах санал болж хувирчээ.
Хэзээний ул суурьтай, хэрсүү Марина яагаад гэмт этгээдийн энгийн урхинд орсноо ойлгодоггүй гэдэг. Гараажид ороод ямар алдаа гаргаснаа мэдсэн Марина эсэргүүцсэн байна. Гэвч түүнд нойрсуулах бодис үнэрлүүлээд нам дарж авчээ. Маргааш өглөө нь санаанд оромгүй зүйл болжээ.
Бүлэг этгээдийн гол толгойлогч яагаад ч юм Маринаг тавьж явуулах нь тэр. Бодисонд хордсон бүсгүй хаана байгаагаа ч мэдэхгүй явлаа. Арай гэж зам дээр гараад, машин зогсоогоод жолоочид үнэнээ хэлж тэр газрын хаягийг тэмдэглэж авахыг гуйжээ.
Чухам энэ хаяг мөрдлөгийн явцыг түргэсгэсэн байдаг. Маринагийн мэдүүлгийг авсан даруйдаа цагдаагийн бүрэлдэхүүн жолоочийн заасан хаягийн дагуу очжээ. Холгүйхэн хуучны олон гарааж байв. Чухам аль гараажид гэмт хэрэг үйлдэгдсэнийг Марина санахгүй байлаа.
Ямар ч байсан мөрдөгчид бүсгүйн тодорхойлсноор гэмт этгээдүүдийн толгойлогчийн хар зургийг гаргаад, гараажуудыг нууцаар ажиглаж эхлэв. Ердөө маргааш өдөр нь сэжигтний хар зурагтай төстэй залуу тайван алхсаар нэг гарааж руу орчихов. Гараажийн эзнийг тодруултал өмнө нь их хэмжээгээр галт зэвсэг хадгалсан хэргээр ял эдэлж байсан, эрхэлсэн ажилгүй Логин гэгч байв.
Түүнийг үргээчихгүйгээр гараажид нь орж үзлэг хийх хэрэгтэй байлаа. Ингээд дүүргийн архины үйлдвэрээс бараа алдагдсан хэрэг мөрдөж байгаа нэрээр мөрдөгчид гараажуудыг нэгжих болов. Логин хулгай хийгээгүй болохоор шалгуулахад цааргалсангүй. Мөрдөгчид дотогш оронгуутаа л зөв газартаа ирсэнээ ойлгожээ.
Ор, ширээ бас том шилэн савтай нойрсуулах бодис. Логиныг тэр дор нь баривчилжээ. Нэгжлэгийн үеэр эмэгтэй хүний маш олон гутал, будаг, ээмэг зүүлт зэрэг гарсан байна. Хохирогч эмэгтэйчүүдийн эд зүйлс гэдэг нь тодорхой. Энэ бол гэмт этгээд гаж донтон мөн гэдэг хамгийн гол үзүүлэлтийн нэг.
Донтон хохирогчоос авч үлдсэн эд зүйлсийг харах болгондоо хийсэн хэргээ дурсан санаж, дур тачаалдаа автдаг аж. Логины гэрээс садар самуун бичлэгтэй 96 диск гарчээ. Бичлэг бүрт өөрийнх нь дүр багтсан байж.
Тэдгээр бичлэг шүүх хурал дээр хөдлөшгүй баримт болсон байна. Бичлэгүүдээс харахад хэргийн тоо бодсоноос ч олон байж таарав.
Логин гэмт бүлгийн толгойлогч гэдэг нь тодорхой байв. Түүний хамсаатан болох 17-18 насны гурван залуу ядуу, эмзэг айлын хүүхдүүд байлаа. Тэд Логины хэлснийг үг дуугүй дагадаг байж. Өдий насны хөвгүүд хүчингийн хэрэгт маш амархан татагддаг гэж сэтгэл судлаачид үздэг.
Харин Логин өөрийгөө буруугүй гэж эцсээ хүртэл гүрийсэн ч хөдлөшгүй баримт, хамсаатнууд болон хохирогчдын мэдүүлэг түүнийг гол буруутан гэдгийг нотолсон байна. Логиныг сэтгэцийн эмч нар “Түр зуурын сэтгэцийн өөрчлөлтөд орсон” гэж дүгнээд, албадан эмчлэх болжээ.
Гэхдээ Логин шүүхийн өмнө хариуцлага хүлээх нь гарцаагүй. Түүний хамсаатнууд 4-5 жил хоригдох ял авчээ. Харин Логинд хэдэн жилийн ял ногдуулах нь хараахан тодорхойгүй байна. Тэрбээр эмчлүүлж байгаа аж. Гаж донтон магадгүй 10, эсвэл 15 жил ч авч болох.
Харин хохирогч бүсгүйчүүд үүнд нь сэтгэл дундуур байх нь ойлгомжтой. Тэд Логиныг үлдсэн насаа шоронд өнгөрүүлэх ёстой гэж үзэж буй. Ийм тохиолдолд цаг хугацаа тийм ч чухал биш. Учир нь нарсанд хүчингийн хэрэгтнийг эр хүн гэж үздэггүй. Тун удахгүй Логин хохирогчдынхоо шаналал зовлонг өөрийн биеэр амсах нь тодорхой.