Энэ оны хоёрдугаар сарын 19-ны өдөр Монголын Соёл урлагийн их сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Д.Даваасүрэн, СУИС-ийн багш, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболд нар Шведийн Угсаатны зүйн музейд зочилж Шведийн хааны нэрэмжит Шинжлэх ухааны aкадемийн харьяа “Свен Хэдиний сан”-ийн тэргүүн, Төв ази, Монгол судлалын мэргэжилтэн Хакан Вахлкуст, Угсаатны зүйн музейн Ази-судлалын хэлтсийн дарга Эва Мурдал нартай уулзжээ.
Энэ үеэр Шведийн төв номын сан, Угсаатны зүйн музей, Данийн төв музейд XIX зууны төгсгөл, XX зууны эхээр Төв Ази, Монгол орноор аялж, садалгаа хийсэн Шведийн аялагч судлаач Свен Хедин, Данийн судлаач Хеннинг Хаслунд-Христенсен нарын цуглуулсан монголын аж амьдралыг харуулсан фото зургууд, шашин соёл эд өлгийн зүйлс, ардын урлагийн бүтээлүүд өнөөг хүртэл хадгалагдаж буйг дэлгэн сонирхуулжээ.
Энэхүү дурсгалт зүйлсийг Монголчууд судлахад музейн зүгээс бүх талын туслалцаа үзүүлэх боломжтой бөгөөд 100 гаруй монгол дууг дижитал хэлбэрт шинжүүлж байгаа аж.
Уг 100 дууны зарим нь Монголд танигдаагүй, нэн ховор гайхамшигт цуглуулга бөгөөд Шведийн Үндэсний номын санд хадгалагдаж байгаад төр засгийн зүгээс анхаарал хандуулан, соёлын өвийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээнд хоёр орны хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжтойг дурдсан байна.