Энэ жилийн "Eurovision"-д Украиныг төлөөлөн оролцох Жамала хэмээх Крымийн татар дуучин бүсгүй бүх Европын хамгийн том дууны тэмцээнд Сталиний тушаалаар Төв Азийн гүн рүү цөлөгдсөн татарчуудын тухай өгүүлэх "1944" гэдэг дууг дуулахаар сонгожээ. Дуучин бүсгүйн эмэг эх нь тэдгээр цөлөгдсөн хүмүүсийн дунд байсан бөгөөд чухам ийм хүнд сэдэвтэй дуу сонгосноо Жамала "Украинчууд одоо ч зовж зүдэрч байгааг дэлхий дахинд сануулах гэсэн юм. Биднийг Оросын өмнө яаж хүчгүйдэж байгааг олон улс мэдээсэй гэж хүсэж байна. Энэ дуу гэр бүлийн маань эмгэнэлт түүхийг өгүүлнэ" гэж тайлбарласан байна.
1944 онд Сталиний тушаалаар нутаг орноосоо хөөгдсөн 240-өөд мянган татар иргэдийн нэлээд хэсэг нь замдаа амиа алдсан бол зарим нь Төв Азийн буйд хязгаарт очсоныхоо дараа өлбөрч үхсэн гэдэг. Хүүрнэл аястай "1944" дуу энэ явдлыг бүр эхнээс нь өгүүлдэг байна. Дууны үг нь "Тэд гэрт маань дайрч орж ирээд бүгдийг хүйс тэмтэрсэн / Тэгэвч "Бид гэмгүй" гэж өөрсдийгөө цагаатгасан" гэж эхэлдэг аж.
"Eurovision" тэмцээнд улс төрийн сэдэвтэй дуу дуулахыг хориглодог. Гэхдээ эсэргүүцлийн өнгө аястай дуу дуулагдах тохиолдол өмнө нь нэг бус гарч байв. Тухайлбал 2009 онд Гүржийн дуучин Оросын төрийн тэргүүнийг элэглэсэн дуу дуулж, тэмцээний сүүлийн шатнаас хасагдаж байжээ.
Энэ оны "Eurovision" ирэх тавдугаар сард Шведийн Стокгольм хотод болох юм.