Сири дэх агаарын цэргийн ажиллагаанд оролцож байгаа ОХУ-ын цэргийн гол бие бүрэлдэхүүнийг эргүүлэн татах шийдвэрийг тус улсын ерөнхийлөгч Владимир Путин гаргажээ. Тэрбээр Оросын Сири дэх цэргийн ажиллагаа тавьсан зорилгодоо хүрсэн гэж үзэж байгаа гэнэ.
ОХУ-ын Сирид явуулсан агаарын цэргийн ажиллагаа алан хядагч бүлэглэлүүдийн эсрэг тэмцлийг үр дүнтэй болгож, энхийн яриа хэлэлцээ хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс ОХУ-ын Сири дэх цэргийн ажиллагаа гол зорилгоо биелүүлсэн гэж тооцож байгаа аж.
Сирийн ерөнхийлөгч Башар Асад энэ шийдвэртэй санал нэг байгаагаа ажлын албаараа дамжуулан мэдэгджээ. Оросын агаарын цэргийн хүчний зарим бие бүрэлдэхүүн Латакия хот дахь баазад байрласан хэвээр байх болно.
Өнгөрсөн 9-р сарын сүүлээс ОХУ-ын бөмбөгдөгч онгоцнууд Сириин алан хядагч бүлэглэлүүдэд цохилт өгч эхэлснээр Сирийн засгийн газрын цэргүүд алдсан нутаг дэвсгэртээ эргүүлэн хяналт тогтоож эхлээд байгаа билээ. Үүнээс гадна Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын байр суурийг эргүүлэн бэхжүүлэхэд ч ОХУ-ын агаарын цэргийн ажиллагаа голлох үүргийг гүйцэтгэсэн юм.