Хятадын Шэньжэнь хотод нүүрс бус хог хаягдал шатааж ажилладаг, дэлхийн хамгийн том цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа талаар "Риа новости" хуудсанд мэдээлжээ.
Шэньжэнь хотод ийм гурван станц барих бөгөөд нэг нь дэлхийн хамгийн том цахилгаан станц болохоос гадна өдөрт 5000 тонн хог боловсруулах хүчин чадалтай байх аж.
Шэньжэнь хотын захиргааны удирдах газрын дарга Ван Гобинь хэлэхдээ "уг станц дангаараа хотын бүх хог хаягдлын гуравны нэгийг боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд 2016 оны сүүлчээр барилгын ажил эхэлж 2018 онд ашиглалтад орохоор төлөвлөж байна." гэжээ. Мөн хог хаягдал шатаан ажилладаг гурван шинэ цахилгаан станц нь 2018 он гэхэд өдөрт 10.7 мянган тонн хог хаягдлыг дахин боловсруулна гэж тэрбээр онцолжээ.