Ням гаригт Туркийн нийслэл Анкара хотод болсон халдлагын улмаас 37 хүн амь үрэгдэж, халдлагыг Курдын ажилчдын намын дайчид үйлдсэн нь тогтоогдсон.
Анкара хотод он гарснаар хоёр дахь удаагаа алан хядагчид халдлага үйлдэж байгаа нь энэ билээ. Турк улсын үндэстний цөөнх болох Курдын ажилчдын нам тус улсад алан хядагч байгууллагад тооцогддог. Сүүлийн гучаад жилийн турш Туркээс салан тусгаарлах оролдлого явуулсаар ирсэн юм.
Өчигдөр Туркийн аюулгүйн эх сурвалжууд ням гарагийн халдлагад Курдын ажилчдын нам буруутайг ийнхүү баттай баримтаар тогтоосноор Иракийн хойд хэсэгт оршдог тус бүлэглэлийн цэргийн баазуудыг Туркийн байлдааны 11 нисэх онгоц агаараас бөмбөгджээ. Мөн Туркийн зүүн өмнөд хэсэгт Курдын зэвсэгт босогчдын эсрэг ажиллагаа явуулахаар 24 цагийн хөл хорио тогтоосон байна.
Түүнчлэн Истанбул хотноо Курдын ажилчдын намын эсрэг явуулсан тусгай ажиллагаагаар 15 сэжигтэн этгээдийг саатуулсан талаар "CNN" агентлаг мэдээлж байна.