Женев хотноо болж буй Сирийн энхийн хэлэлцээний үеэр НҮБ-ын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стаффан де Мистуратай Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид уулзсан байна. Уулзалтын үеэр тэд удирдах шинэ байгууллагын тухай санал хүсэлтээ тусгасан баримт бичгийг өргөн барилаа.
Мөн Сирийн засгийн газрын хүчин улс төрийн шийдлийг тусгасан баримт бичгийг НҮБ-д мөн өргөн барьсан байна.
Стаффан де Мистура Сирийн засгийн газрын төлөөлөгчидтэй өнөөдөр уулзахаар болсон бөгөөд хоёр талын саналыг харьцуулж нийтлэг үндэслэл бүхий шийдвэр гаргана гэж мэдэгджээ. Гэвч Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын ирээдүйтэй холбоотой асуудалд Засгийн газар болон сөрөг хүчин санал зөрөлдөөнтэй хэвээр байна.
Сирийн сөрөг хүчний гол бүлэг болох Хэлэлцээний дээд хорооны төлөөлөгч Жорж Сабра "Сирийн энхийн хэлэлцээний үеэр хоёрдугаар сарын 27-ноос хэрэгжиж эхэлсэн гал зогсоох дэглэм болон Засгийн газрын хүчний бүслэлтэд байгаа хотуудын хүмүүнлэгийн байдлыг хэлэлцсэн гэж " уулзалтын дараа мэдээлжээ.