Бразил улсын хэд хэдэн хотод олон мянган хүн цуглан улсынхаа ерөнхийлөгч Дилма Руссефыг огцрохыг шаардан хоёр дахь удаагаа жагслаа. Өчигдөр буюу пүрэв гаригт болсон эсэргүүцлийн ажиллагаа Бразилиа, Сан-Паулу болон хүн ам ихээр суурьшдаг томоохон хотуудаар болжээ.
Нийслэл хотод болсон эсэргүүцлийн жагсаалд нийт 5 мянга орчим хүн оролцсон гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна. Жагсагчид төрийн тэргүүнээ хариуцлага алдаж, улсын хөрөнгийг сонгуулийн ажилдаа ашигласан, татварын хууль зөрчсөнийхөө төлөө огцрохыг шаардаж, шүүхэд татахыг уриалсан лоозон барьж, уриа хашхирцгааж байсан аж. Мөн Сан-Паулу хотын эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд тэд Дилма Руссефыг огцроогүй цагт Паулиста өргөн чөлөөг орхихгүй гэж мэдэгдсэн байна.

Бразилын парламентийн доод танхим ерөнхийлөгчийг шүүхэд татах эсэх талаар комисс байгуулсан санал хураасан ба албан тушаалаас нь огцруулах асуудлаар удахгүй хэлэлцэж эхлэх юм.
Тус комиссын бүрэлдэхүүнд парламент дахь бүх фракцын төлөөлөгчид орох ба Руссеффыг хариуцлага алдсаных нь төлөө шүүхэд өгөхийг дэмжвэл, энэ асуудлыг доод танхимын бүх гишүүнээр хэлэлцүүлж санал хурааж, батлахын тулд парламентын гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн байх ёстой юм.
Өөрөөр хэлбэл 342 санал авах шаардлагатай бөгөөд төрийн тэргүүнийг огцруулах эцсийн шийдвэрийг парламентын дээд танхим буюу Сенатын танхим гаргах ёстой.