АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама куба улсад 1959 оноос хойш айлчилж буй АНУ-ын анхны ерөнхийлөгч болж байна. Учир нь 1959 оны хувьсгал хоёр улсын хооронд хэдэн арван жилийн турш дайсагналыг үүсгэсэн билээ.
Тэрбээр Куба улсын коммунист удирдагчидтай уулзахаар Гаванад буугаад байгаа бөгөөд “Кубын ард иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсохыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичжээ.

Обама тэргүүн хатагтай Мишель болон охин Саша, Малья нарын хамт айлчлан ирсэн ба тэднийг мөн АНУ-ын төлөөлөгчдийг Кубын гадаад хэргийн сайд Бруно Родригес хүлээн авсан байна. Обама 3 өдрийн айлчлалын хүрээнд Кубын ерөнхийлөгч Раул Кастротой худалдаа болон улс төрийн шинэчлэлийн асуудлаар уулзаж хэлэлцээ хийх боловч тус улсын хуучин удирдагч Фидель Кастротой уулзахгүй гэнэ.
Обама Куба улсад хөл тавьсныхаа дараа тус улсын АНУ-ын элчин сайдын яамны ажилчидтай уулзаж, уг айлчлалаа "түүхэн айлчлал, түүхэн боломж" хэмээн онцолжээ.