ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар Цагаачлалын алба (2004 онд байгуулагдсан), Мансууруулах бодистой тэмцэх алба (2003 онд байгуулагдсан)-ыг татан буулгаж гүйцэтгэх үүргийг дотоод хэргийн яаманд шилжүүлсэн байна. Түүнчлэн ОХУ-ын Үндэсний хамгаалалтын албыг шинээр байгуулсан байна. Энэ нь тус улсын сүүлийн 10 жилд хууль сахиулах байгууллагуудын тогтолцоонд хийсэн хамгийн том өөрчлөлт болж байгаа юм.
Шинээр байгуулагдсан Үндэсний хамгаалалтын албыг алан хядах ажиллагаатай болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор байгуулсан аж.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин "Бид Дотоод хэргийн яамны Дотоодын цэргийн баазад тулгуурлан терроризм болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Үндэсний хамгаалалтын албыг байгуулж байна. Гүйцэтгэх засаглалыг шинээр байгуулах шийдвэр гарсан" гэж Дотоодын цэргийн ерөнхий командлагч В.Золотов, Дотоод хэргийн сайд В.Колокольцев, Цагаачлалын албаны орлогч дарга О.Егоров мөн Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих албаны дарга В.Иванов нартай уулзахдаа мэдэгджээ.