
Өнгөрсөн ням гаригт болсон бүх нийтийн санал хураалтаар тайландчуудын дийлэнх олонх нь шинэ Үндсэн хуулийн төслийг дэмжин, баталлаа. Ийнхүү уг санал хураалтыг санаачилсан цэргийн хунт (эргэлт хийж төрийн эрхэнд гарсан цэргийн бүлэг) зорилгодоо хүрч байгаа юм. Сүүлийн 100 жил Үндсэн хуулийг өөрчилсөн 19 хувилбарыг үзсэн тус улсад юуны учир 20 дахь нь хэрэг болов. Энэ нь дараалан болсон хувьсгал, төрийн эргэлтийг эцэслэх болов уу.
УЛААН, ШАР ДАЙН
2006 онд цэргийн эргэлтийн үр дүнд Ерөнхий сайд Таксин Чиннаватыг түлхэн унагасан нь энэ удаагийн санал хураалтыг явуулахад хүргэсэн юм. Түүний Тайчууд тайчууддаа хайртай намыг хууль бус хэмээн зарлав.
Чиннаватын халааг Ардчилсан намын дарга Алхист Ветчачива авлаа. Өмнөх Ерөнхий сайд ард түмний дэмжлэгт найдаж, буддын шашны сүм хийдийг хамгаалалтдаа авч, алтан уул өгнө хэмээн ядуу тариачдад амлаж байсан бол ардчиллынхан Чиннаватын хайр найргүй мөрдөн мөшгөж байсан лалын цөөнхтэй яриа хэлэлцээ хийхийг оролдож байсан юм.
Гэвч Таксины талынхан ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй. Тэр цагаас хойш Тайланд улс амар заяа үзсэнгүй. Чиннаватыг дэмждэг, буддизм, социализмыг дэмжигч хөдөөгийн оршин суугчид болох “улаан цамцтан”-ууд нь вангийн тал баримтлагч хотын иргэд болон дунд давхаргынхан “шар цамцтан”-уудтай мөргөлдөх болов. Мөргөлдөөн нэг намжсан ч дахин дүрэлзсээр байлаа.
Ветчачива 2010 онд огцорч, Таксины эмэгтэй дүү Йинглак Чиннават Ерөнхий сайд болжээ. Тэрбээр 2014 оны сонгуульд ялсныг Үндсэн хуулийн шүүх хүлээн зөвшөөрөөгүй юм. Бангкокийн төвд хаалт хамгаалалт босгон, дугуйн хаймар дүрэлзэн шатаж, “улаан”, “шар цамцтан”-ууд мөргөлдөж, 28 хүн амь үрэгдсэний дараа засгийн эрхийг цэргийнхэн авсан. Энэ нь тэд Үндсэн хуульд заасан нийгмийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах эрхээ эдэлсэн хэрэг болсон юм.
Энх тайван, хэв журам сахиулах үндэсний зөвлөл буюу хунтын дарга, генерал Прают Чан-Оча анхны хэвлэлийн бага хурлаа хийхдээ цэргийн засгийн эрхэнд удаан байхаар төлөвлөөгүй хэмээн мэдэгдэж байлаа. Эхлээд улсдаа хэв журам тогтоогоод одоо ардчилсан сонгууль явуулж байна.
Парламентын доод танхимын гишүүдийн үнэмлэхүй олонхын саналаар цор ганц нэр дэвшигч болох Прают Чан-Оча Ерөнхий сайдаар түр сонгогдож, улс орноо цэгцлэх ажилдаа орсон билээ. Хоёр жил энэ ажлаа хийв. Эцэст нь 2017 онд сонгууль явуулна гэдгээ зарласан. Гэхдээ үүнээс урьтаж шинэ Үндсэн хуулиа батлах хэрэгтэй.
БҮРЭН ХЯНАЛТ
Үндсэн хуулийн шинэ хувилбарт олон өөрчлөлт оруулсныг ардчиллын хэм хэмжээнд нийцэхгүй гэж сөрөг хүчин үзэж байна. Жишээлбэл, одоо Ерөнхий сайд болон сайд нарыг ёс суртахууны хувьд нийцэхгүй хэмээн огцруулдаг болжээ.
Хунтын баталсан бүх хууль, шийдвэр тэднийг огцорсны дараа ч хүчин төгөлдөр байна. Гэхдээ гол нь таван жил үргэлжлэх шилжилтийн үед тус улсын сенат цэргийнхний хяналтад байх аж. Чухамхүү Энх тайван, хэв журмын үндэсний зөвлөл л парламентын дээд танхимд хэн хуралдахыг шийднэ.
Сенатын 250 гишүүний 50-ийг мэргэжлийн олон нийтийн байгууллагуудын төлөөллөөс, 194-ийг цэргийнхний томилсон хорооны жагсаалтаас сонгох бол үлдсэн зургаан суудлыг Зэвсэгт хүчин, цагдаа болон БХЯ-ны өндөр албан тушаалын офицерууд эзэлнэ. Таван жилийн дараа сенатын бүрэлдэхүүн 200 болтлоо цөөрнө. Тэгэхдээ бүх гишүүн нь нам бус байхаас гадна бүгд томилогдоно.
1997, 2007 оны Үндсэн хуульд дээд танхимыг бүрэн болон хэсэгчлэн сонгохоор заасан. Харин шинэ сенат Үндсэн хуулийн аливаа нэмэлт, өөрчлөлтөд хориг тавих эрхтэй. Гэхдээ шинэ хуулийн дагуу сенатыг томилохоос эхлээд цэргийнхэн Засгийн газрын тэргүүнийг сонгоход мэдээж хяналт тавина.
АРДЧИЛАЛГҮЙ АРДЧИЛАЛ
Бүх нийтийн санал хураалтад бэлтгэх ажил хүний эрхийг хамгаалагчдын гайхлыг төрүүлжээ. Шинэ Үндсэн хуулийг сурталчлахыг, тухайлбал, энэ чиглэлийн ямар ч цуглаан, хэлэлцүүлгийг хориглосон. Сөрөг хүчний телевизийн сувгийг түр хугацаагаар хаасан. Эсрэг санал өгөхийг ятгах гэсэн суртал ухуулагчдыг цагдаа, цэргийнхэн баривчилсан.
Нийт 100 гаруй хүнийг, тэр дундаа нийгмийн сүлжээгээр сурталчилгаа хийсэн хүмүүсийг саатуулжээ. Тэдэнд 10 хүртэл жил хорих ял оноож магадгүй байна. Идэвхтэнүүдийн мэдээлснээр, баривчлагдсан хүмүүсийн дунд найман настай хүүхэд ч бий гэнэ.
Ийм тохиолдолд цэргийнхэн сонгогчдод нөлөөлөх хуурамч мэдээлэл түгээхийг хориглосон хуулийн заалт ашиглажээ. Энэ заалтыг ямар ч сурталчилгааг таслан зогсооход ашиглаж болохоор аж.
Бүх нийтийн санал хураалт хүчнийхний хатуу хяналт дор болсон. Санал хураалтын 94 мянган хэсгийн аюулгүй байдлыг 200 мянган цагдаа хангажээ.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхэд урьдын эвлэршгүй дайснууд болох “улаан” болон “шар цамцтан”-ууд нэгдсэн байна. Чиннават ч, Ветчачива ч Үндсэн хуулийн шинэ төслийг дэмжихгүй байхыг уриалж байв. Шинэ хууль тус улсад дан цэргийн засаглал тогтоох нөхцөл бүрдүүлнэ гэж одоо хилийн чанадад цөлөгдөн амьдарч буй Чиннават хэлжээ.
Харин Чан-Оча засгийн эрхэнд удаан байх бодолгүй, зөвхөн улс орныхоо байдлыг тогтвортой болгож, авлигыг үндсээр нь таслахыг хүсэж буйгаа мэдэгдэхдээ 2017 онд шударга, ардчилсан сонгууль явуулна хэмээн олны өмнө амласан билээ. Шинэ Үндсэн хууль Засгийн газрын боломжийг өргөжүүлж, тус улсын байдлыг хэвийн болгох учиртай шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэж тэрбээр хэлсэн байна.
ТОГТВОРТОЙ БАЙДАЛ ХАМГААС ЧУХАЛ
Бүх нийтийн санал хураалтаар хэн ялах нь эцсийн мөч хүртэл тодорхойгүй байв. Үндсэн хууль өөрчлөхийг дэмжигчид эсэргүүцэгчдээс ялимгүй илүү байсныг санал асуулгын дүн харуулжээ. Тайландын иргэд Прают Чан-Очагийн амлалтад итгэсэн бололтой. Саналаа өгөх эрхтэй тайланчуудын 61 хувь нь шинэ хуулийн төслийг дэмжиж, доод бус дээд танхим Ерөнхий сайдаа сонгодог болгохын төлөө 58 хувь нь саналаа өгчээ.
Тус улсын иргэд хуулийн төслийг дэмжээгүй байсан ч 2017 онд сонгууль болох л байсан. Сонгуулийн өмнө яаж ийгээд дахин санал хураалт явуулна. Төсөл дэмжигдэхгүй бол юу хийх талаар асуухад Прают Чан-Оча инээж байгаад “Хэдхэн сарын дотор урьдынхаас илүү дахиад нэг төсөл бичнэ” гэж хариулжээ.
Шинэ Үндсэн хууль армийн болон уламжлалт элитүүдийн засаглалыг бэхжүүлж, тус улсыг хагас дарангуйллын тогтолцоонд шилжүүлэн, улс орныхоо улс төрийн амьдралыг ээлжит төрийн эргэлт хийх шаардлагагүйгээр хянах боломжийг цэргийнхэнд өгнө гэж Сингапур дахь Өмнөд Азийн судалгааны хүрээлэнгийн шинжээчид дүгнэжээ.
Тайландыг хөгжүүлэх 20 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд тогтвортой байдлыг хангахыг хүсэж байна хэмээн мэдэгддэг хунтын гишүүд өөрсдөө дээрх дүгнэлтийг удаа дараа нотолж байгаа юм. Эдгээр тайлбар бизнест сайнаар нөлөөлөв. Тайландын хөрөнгийн зах зээл сүүлийн 1.5 жилийн дээд цэгтээ хүрлээ. Хөрөнгө оруулалт нэмэгдэж, энэ онд багтан эдийн засаг нь өснө хэмээн тус улсын Төвбанкны тэргүүн урьдчилан таамагласан байна.
Санал хураалтад ялагдсан Тайландын сөрөг хүчин шинэ тулаанд бэлтгэж буй аж. “Бид санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрч, 2017 оны сонгууль хэрхэн болж өнгөрөхийг харъя. Цаашид хэрхэн ажиллахаа бид удахгүй зарлана” гэж “улаан цамцтан”-ууд болох “Дарангуйллын эсрэг ардчиллын төлөө нэгдсэн фронт”-ын дарга Жатупорн Промпан мэдэгджээ. Бусад идэвхтэн ч ялна гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ ах, дүү Чиннават хэзээ нэг цагт засгийн эрхэнд гарна хэмээн итгэхгүй байгаа аж.