
Олон улс зэмлэн буруушаасан хэдий ч энэ сарын эхээр Умард Солонгос цөмийн тав дахь туршилтаа хийсний дараа цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг нь зогсоохын тулд тус улсад “шахалт” үзүүлэх үйл ажиллагаагаа зохицуулах талаар Япон улс Монголтой тохиролцов.
Энэ нь дэлхийн хамтын нийгэмлэгт заналхийлж буй Умард Солонгосын цөмийн амбийцыг зогсооход тус болно гэж талууд үзэж байна хэмээн “Japan times” сонинд бичжээ.
Монголын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил есдүгээр сарын 27-29-нд Японд айлчилсан юм. Японы Гадаад хэргийн сайд Фүмио Кишида түүнтэй уулзсан бөгөөд тэд Умард Солонгост Японы иргэдийг хулгайлсан зэрэг хойшлуулалгүй шийдэх шаардлагатай асуудлаар хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн байна.
Үүний сацуу энэ оны зургадугаар сард хүчин төгөлдөр болсон хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу хоёр орон хоорондын эдийн засгийн харилцааг бэхжүүлэхээр сайд нар тохиролцжээ.