
400 тэрбум ам.доллароор үнэлэгдэх ухаалаг гар утасны зах зээлд “Google” компани өөрийн ухаалаг утсаа нийлүүлэхэд бэлэн болсон тухай “Bloomberg” дамжуулав. Тэдгээр нь “Google”-ийн загвар, инженерчлэлийг нь зохиож, туршилтыг нь хариуцсан анхны гар утас гэдгээрээ онцлог гэнэ.
“Pixel”, “Pixel XL” гар утсыг “Apple” компанийн “iPhone”-той өрсөлдөнө хэмээн зарим шинжээч таамаглаж буй аж. Мөн “Google” компанийн андройд үйлдлийн систем ашигладаг “Samsung Electronics”, “LG Electronics” компанийн борлуулалтад “Google”-ийн Шинэ техник хангамжийн хэлтсийн захирал Рик Остерлох “Манай компани гар утас төдийгүй гэр, холбоос зэргийг үйлдвэрлэн, борлуулна” хэмээн ярьжээ. Үүнд хэдий хэмжээний хөрөнгө оруулснаа тэд хэлэхээс татгалзсан байна.
“Pixel”-ийн 12 мегапикселийн камер нь зургийг хүний нүд анивчихаас хурдан авах, цэнэгээ удаан барих зэрэг давуу талтай аж. Мөн бусад ухаалаг гар утасны адил хурууны хээ мэдрэгчээс гадна видеоны “чичирхийллийг” багасгах, багтаамж дүүрснээс зураг авах боломжгүй гэх бэрхшээлтэй тулгарахгүй байж болох зэрэг “ид шид”-тэй гэнэ.
“Pixel”-ийг угсруулахаар HTC компанитай гэрээ байгуулжээ. Ийнхүү “Google” өмнө нь гар утасны зах зээлд программ хангамж нийлүүлдэг байсан бол өдгөө техник хангамжаар өрсөлдөх болж байна. Тэд дээрх хоёр гар утасны захиалгыг авч эхэлсэн агаад 20-ноос хэрэглэгчдэд хүргэх нь.
32 гигабайт санах ойтой “Pixel” нь 649, 128 гигабайтын санах ойтой нь 749 ам.долларын үнэтэй байх аж. Тэгвэл “Pixel XL”-ийг дээрхээс 120 “ногоон”-оор илүү буюу 769, 869 ам.доллароор үнэлжээ.