
Зургаан удаагийн урьдчилсан санал хураалтын дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Португалын Ерөнхий сайд асан Антонью Гутерриш сонгогдох нь тодорхой болов. Энэ сард АЗ-ийн даргаар ажиллаж буй, НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин ийн мэдэгдээд, А.Гутерришт АЗ-ийн гишүүдийн нэрийн өмнөөс ирэх таван жилд хаших НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажилд нь амжилт хүссэн байна. АЗ-д болох албан ёсны санал хураалтын дараа түүнийг НҮБ-ын Ерөнхий ассамблей батална.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшсэн дипломатч нь олны хүлээж байсанчлан Зүүн Европын төлөөлөгч ч, эмэгтэй хүн ч байсангүй. Антонью Гутерриш нь Баруун Европын төлөөлөгч, Португалын Ерөнхий сайд бөгөөд НҮБ-ын дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссар байсан хүн. Түүний ажлын арга барилыг сайн мэдэх эх сурвалжуудын мэдээлснээр, Гутерриш НҮБ-ыг шинэчлэх чадалтай хүн аж.
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ажилдаа орох НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн шинэ даргын тухай олон нийт сайн мэдэхгүй.
Антонью Мануэль де Оливейра Гутерриш 1949 онд Португалын Лиссабон хотод төрсөн, Техникийн дээд сургуулийн цахилгааны инженер, физикийн ангийг 1971 онд төгссөнийхөө дараа ахлах багшаар ажлын гараагаа эхэлжээ. 1974 онд Социалист намд элссэнийхээ дараа улс төрийн мөр хөөхөөр шийдсэн байна. Намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоноос хойш гурван жилийн дараа буюу 1995 онд Антонью Гутерриш Португалын Ерөнхий сайд болжээ. Энэ албан тушаалаа 2002 он хүртэл долоон жил хашсан аж.
Португал, испани, англи, франц хэлтэй А.Гутерриш 2005 оноос НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссарын газрын тэргүүнээр ажиллахдаа Женев дэх тус байгууллагын төв байрны албан хаагчдын тоог цөөлж, дэлхийн халуун цэгүүд рүү ажилтнуудаа илгээх замаар байгууллагынхаа олон улсын хямралыг шийдвэрлэх чадварыг сайжруулсан болохыг мэргэжилтнүүд тэмдэглэсэн байна.
Дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссар байхдаа Гутерриш мөргөлдөөн, байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд туслахад илүү их хөрөнгө мөнгө зориулахыг дэлхийн хөгжингүй болоод баян орнуудын Засгийн газарт цөхрөлтгүй уриалдаг байжээ. “Аюулаас дүрвэн зугтаж буй хүмүүсийг бид тогтоон барьж дийлэхгүй. Тэднийг хүлээж авахад бид хэр сайн бэлдэнэ, тэдний талаар төдий чинээ хүнлэг арга хэмжээ авч чадна. Энэ нь л өнөөдөр бидний өмнө тусламдсан асуудал” гэж А.Гутерриш хэлснийг “Time” сэтгүүлийн өнгөрсөн оны дугаартаа бичжээ.
Тэрбээр 1998 онд хорт хавдраар нас барсан анхны эхнэрээс хоёр хүүхэдтэй. 2001 онд дахин гэрлэж, эрэгтэй хүүхэд өргөж авсан байна.