
Сирид ОХУ-ын Агаар, сансрын хүчний нисэх онгоцнууд байнга байрлах бөгөөд үүнд төсвөөс нэмэлт зардал шаардагдахгүй гэж тус улсын Батлан хамгаалахын орлогч сайд Николай Панков Төрийн думд мэдээлжээ. Сирийн нутаг дэвсгэрт Оросын нисэх хүчнийг хугацаагүйгээр байгуулах тухай гэрээг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Төрийн дум хэлэлцэн баталсан юм.
Уг гэрээг 2015 оны наймдугаар сарын 26-нд Дамаскт байгуулсныг парламентынхаа доод танхимд хэлэлцүүлэхээр 2016 оны наймдугаар сарын 9-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өргөн барьсан аж. Дамаскийн хүсэлтээр Оросын нисэх хүчин Сирийн Латакия мужийн Хмеймим нисэх буудалд байрлахыг уг баримт бичигт нотолжээ. Сирийн эрх баригчидтай зөвшилцсөний үндсэн дээр нисэх хүчний командлагчийн шийдвэрийн дагуу нисэх онгоцнуудыг ашиглах аж.
Үүний сацуу Калининград муждаа “Искандер” пуужингийн цогцолбороо шилжүүлэн байрлуулсныг ОХУ-ын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков мэдэгдэв. Уг цогцолборыг шилжүүлэн байрлуулсан тухай Америкийн тагнуулын мэдээллийг Өрнөдийн хэвлэлүүд уламжилж байсан билээ.
Америкийн цэргийн хиймэл дагуулуудын нэгийн байршлыг тодруулахад Калининград руу пуужингийн цогцолбор шилжүүлэн байрлуулах ажиллагааг ашигласан, уг ажиллагаанд нууцлах зүйл байгаагүй гэж хошууч генерал Игорь Конашенков мэдэгджээ. “Уг ажиллагааны үр дүнг удаан хүлээгээгүй. Америкийн түншүүд өөрсдөө нотолгоог гаргаж өгсөн” гэж тэрбээр хэлсэн байна.
Оросын цэргийнхэн Калининград руу “Искандер” пуужингийн цогцолборыг нэг бус удаа шилжүүлэн байрлуулсан бөгөөд цаашид ч байлдааны бэлэн байдлын хүрээнд байрлуулсаар байна гэдгийг БХЯ-ны албан ёсны төлөөлөгч онцлон тэмдэглэжээ.
“Искандер” пуужингийн цогцолбор нь дохионы тийрэлтэт систем, нисэх буудлууд дахь их буу, нисэх онгоц, нисдэг тэрэг, командын цэг болон холбооны төвийг устгах зориулалттай юм.