
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп өрсөлдөөнөөс яасан ч гарахгүй хэмээн мэдэгдэв. Тэрбээр эмэгтэйчүүдийг хэт бүдүүлэг үгээр доромжилж, тас тэврэн, үнсэж, болох, болохгүй газар нь ч хүр хэмээн хэлсэн, 2005 онд хийсэн дүрс бичлэг нийтлэгдсэн учир Конгресс дахь намынх нь нөхөд түүнийг татах асуудлыг ярьсан аж. Үүний дараа тэрбээр “Wall street journal”, “Washington post” сонинд дээрх мэдэгдлийг хийжээ. Мөн твиттертээ “Эргэлзээгүй, хамгийн сонирхолтой 24 цаг байлаа!” гэж бичсэн байв. Гэхдээ тэрбээр хэлсэн үгийнхээ төлөө уучлалт гуйсан дүрс бичлэгийг нийтэлжээ.
Энэ дуулиан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр намаас нэр дэвшин өрсөлдөгчид хооронд болох телевизийн ээлжит мэтгэлцээний өмнө дэгдсэн бөгөөд Трампын ялах магадлалыг үгүй хийлээ хэмээн Америкийн зарим улс төр судлаач үзэж байна.
Билл Клинтон гэр бүлдээ үнэнч бус байсан тухай асуудлыг мэтгэлцээний үеэр хөндөхгүй хэмээн саяхан Трамп амлаж байсан. Гэтэл тэрбээр уучлалт гуйн мэдэгдэл хийхдээ “Билл Клинтон эмэгтэйчүүдийг буруугаар ашиглаж байсан, харин Хиллари нөхөртэй нь холбогдож байсан хүүхнүүдийг гутаан доромжилдог. Энэ талаар удахгүй хэлэлцэнэ. Ням гаригийн (Америкийн цагаар) мэтгэлцээн хүртэл баяртай ” хэмээсэн байна.