
АНУ-д өнгөрсөн есдүгээр сард 156.000 ажлын байр бий болж, ажилгүйдлийн түвшин нь таван хувьд хүрсэн байна. Энэ нь дээрх тоог өмнө нь 172.000 байна хэмээн таамагласнаас доогуур дүн юм.
Гэхдээ голлох валютуудтай харьцах ам.долларын ханш өнгөрсөн долоо хоногт өссөн тухай “Bloomberg” уламжиллаа. Тухайлбал, энэ хугацаанд еврогийн эсрэг “ногоон”-ы ханш 0.3 хувиар дээшлэн 1.1201, иений эсрэг 1.6 хувиар чангаран 102.98 болсон байна.
Эдийн засагчдын зүгээс АНУ-ын Төвбанк бодлогын хүүгээ нэмэх магадлал 65 хувь гэж үзэж буй аж. Ирэх арванхоёрдугаар сард болох Холбооны нөөцийн сангийн удирдлагуудын уулзалтаар дээрх шийдвэрийг гаргахад саад болох хүчин зүйл байхгүй хэмээн зарим шинжээч тодотгожээ.