
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп нар хоёр дахь удаагаа мэтгэлцлээ. Сонгуулийн өмнөх кампанит ажлын сүүлчийн шатанд болсон мэтгэлцээнийг тус улсын улс төрийн амьдралын гол үйл явдлуудын нэгд тооцож байна. Мэтгэлцээн нь дотоод болон гадаад бодлогын асуудлаарх нэр дэвшигчдийн байр суурийг тодруулж, тэдний ажил хэрэгч чанарыг харуулах, сонгогчдод сонголтоо хийхэд туслах зорилготой юм. Сүүлчийн гурав дахь удаагийн мэтгэлцээн энэ сарын 19-нд болно. Энэ удаагийн мэтгэлцээнд хоёр нэр дэвшигчийн хөндсөн сэдэв болон хариултаас товчлон хүргэе.
ДУУЛИАН
Дональд Трамп эмэгтэйчүүдийг гутаан доромжилсон үг хэлснийхээ төлөө уучлалт гуйснаар үгээ эхлэв. “Хувцас солих өрөөнд болсон эрчүүдийн яриа. Энэ бол гайхуулаад байх зүйл биш. Гэр бүлээсээ болон Америкийн ард түмнээс уучлалт гуйж байна” гэж Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч мэдэгдлээ. Билл Клинтон, Моника Левински хоёрын харилцааг тойрсон хэл амыг тэрбээр дурсаад, “Билл Клинтон эмэгтэйчүүдтэй хамаагүй дор харьцдаг байсан” хэмээн онцолжээ. “Б.Клинтон эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн бол Хиллари Клинтон тэдэнд хатуу үг хэлж, дайрч давшилдаг байсан. Ийм зан авир гаргасандаа тэр ичих ёстой” гэж Трамп хэлсэн байна.
Үүний хариуд Хиллари Клинтон тэргүүн хатагтай Мишель Обамагийн өгсөн “Өрсөлдөгчөө гутамшигтай байдалд ороход өндөр ёс суртахуунтай бай” гэсэн зөвлөгөөг дагахаа мэдэгджээ. Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллахад тохиромжгүй хүн гэдгийг Х.Клинтон дахин хэлээд, зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй мусулманчууд, африк болон латин америк гаралтай америкчууд, цагаачдын талаарх байр суурийг нь ч хөндөв.
Х.Клинтон АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хувийн цахим шуудангаа ашигласан нь алдаа байсан гээд, үүнийхээ төлөө уучлалт гуйсан байна. Гэхдээ нууц материал алдагдаагүйг Холбооны мөрдөх товчоо шалгаж тогтоосныг тэргүүн хатагтай асан онцлон тэмдэглэжээ.
Сонгуульд ялбал шуудангийн хэргийг мөрдөн шалгах тусгай прокурор томилохоо Бүгд найрамдах намаас нэр дэвшигч мэдэгдэв. Харин Х.Клинтон үүний хариуд хэлэхдээ, Д.Трамп шиг ёс суртахуунтай хүн АНУ-ын шүүхэд байдаггүйд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлжээ.
СИРИЙН ХЯМРАЛ, “ИСЛАМЫН УЛС”-ЫН ТЭМЦЭЛ
“Исламын улс”-тай Вашингтон, Москва хоёр хамтран тэмцэх нь зүйтэй гэж Д.Трамп үзэж байна. “Би Путинийг мэдэхгүй. Гэхдээ бид Оростой учраа олбол зүгээр байх” гэж тэрбээр мэдэгджээ. Харин Башар Асад таалагддаггүй, гэхдээ “тэр “Исламын улс”-д цохилт өгдөгийг Бүгд найрамдах намын гишүүн тэмдэглээд, Орос, Иран хоёр ч “Исламын улс”-д цохилт өгдгийг онцлон дурджээ. Харин Сирийн дэглэмийг, тус улсад цэргийн гэмт хэрэг үйлдэж байгаа Оросын ивээн тэтгэгчдийг хариуцлагад татахаа Х.Клинтон дахин мэдэгдэв.
АНУ-ын Зэвсэгт хүчний командлалыг төлөвлөгөөгөө задалдгийг (террористуудад) тэрбумтан буруушааж, хэрэгтэй цагт нь чимээгүйхэн ажиллагаа явуулах хэрэгтэй хэмээжээ. Харин тэргүүн хатагтай асан Сирид Америкийн хуурай замын цэргийг оруулбал алдаа болно гээд, Сири дэх АНУ-ын шилдэг түнш болох ёстой курдүүдийн бүлэглэлүүдэд зэвсэг нийлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна.
МУСУЛЬМАН БОЛОН ИСЛАМЧУУДЫГ ҮЗЭН ЯДАХ ҮЗЭЛ
Х.Клинтон шашин шүтлэгээр ялгаварлан хил нэвтрэхийг хориглохгүй, харин хилийн хяналтыг чангатгахад бэлэн байна. АНУ исламын орнуудтай, тухайлбал, аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах ёстой гэж тэрбээр мэдэгджээ.
Трамп боломжийг ашиглан Ерөнхийлөгч Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нарыг нийгмийн тодорхой бүлэг хүнийг цохон зааж хэлэхээс зайлсхийдэг хэмээн буруушаасан байна. Америкийн Сан-Бернардино хотод болсон террорист ажиллагааг тэрбээр дурдаад, исламын хэт үзэлтнүүдийн үйлдсэн хэрэг болохыг онцолжээ.
АНУ-д исламын шашинтнуудыг ялгаварлан гадуурхахаас хамгаалах талаар үзэгчийн тавьсан асуултад Трамп хариулахдаа, тус улсад исламын шашинтнуудыг ялгаварлан гадуурхдаг асуудал бий, мусульман хүн ямар нэг асуудалд орсон бол бүрэн байцаалт өгөх хэрэгтэй болдгийг Бүгд найрамдах намаас нэр дэвшигч тэмдэглэжээ. Харин Х.Клинтон аюултай гэсэн мусульманыг АНУ-д нэвтрүүлэх бодолгүйгээ нотолсон байна.
Энэ удаагийн мэтгэлцээнд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон өөрийн өрсөлдөгч болох Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампыг ялжээ. Тодруулбал, CNN болон ORC компаниас явуулсан санал асуулгад оролцогчдын 57 хувь нь Х.Клинтоныг ялагч хэмээн үзсэн бол 34 хувь нь Д.Трампт саналаа өгсөн байна. Гэхдээ Бүгд найрамдах намаас нэр дэвшигч өмнөх мэтгэлцээнээс илүү үг хэлсэн гэж судалгаанд оролцогчдын 63 хувь нь үзжээ. Гэхдээ эл судалгаа нийт улсыг хамраагүй болохыг тодруулсан байна.