
Керсти Кальюлайд сонгуулийн дүнг зарлах үед
Эстонид Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж өнгөрөв. Төрийн шинэ тэргүүнээ сонгох үйл явц харин сар гаруй үргэлжиллээ. Сонгуулийн үр дүн ч гайхалтай. Европын холбооны бүтцэд даруухан алба хашиж байсан бүсгүй барианд орохдоо улс төрийн аваргуудыг далаар нь тавьж, анх удаа тус улсын дээд албан тушаалд очлоо. Тартусын их сургууль төгссөн Керсти Кальюлайд энэ оны аравдугаар сарын 3-наас өмнө Эстонийн сонгогчдод ч танил бус хүн байсан юм. Одоо тэрбээр Эстони улсын тав дахь Ерөнхийлөгч болоод байна.
Эстони улсын Ерөнхийлөгч нь голчлон төлөөлөх үүрэг гүйцэтгэдэг аж. Ерөнхийлөгч олон улсын тавцан дээр улсаа төлөөлнө, гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурна, дипломат ажилтнуудыг томилно, Рийгикогу (парламент)-гийн сонгуулийг зарлана, хориг тавих эрх эдэлнэ. Хуулийг дахин боловсруулуулахаар буцааж бас чадна.
Түүнчлэн Засгийн газрын бүрэлдэхүүнийг баталж, Рийгикогу хуралдаанаа хийж чадахгүй байгаа онцгой тохиолдолд хуулийн хүчинтэй тунхаглал гаргана. Бүрэн эрх нь тийм ч их биш. Тэгэхдээ үнэн хэрэг дээрээ Ерөнхийлөгчийн жин албан ёсныхоосоо нэлээд дээгүүр, яагаад гэвэл аливаа асуудлаарх түүний бодол санаанд ихээхэн хүндэтгэлтэй ханддаг байна.
Халаагаа өгч буй Ерөнхийлөгч Тоомас Хендрик Ильвес Ерөнхийлөгчийн сэнтийд арван жил заларчээ. Түүний оронд очих хүний нэрийг дэвшүүлэх болоход гол сөрөг хүчний Өөрчлөлтийн намын төлөөлөл Сийм Каллас сонгуулийн кампанит ажлаа эхлүүлэхэд бэлэн байгаагаа хамгаас түрүүнд илэрхийлсэн байна. Энэ бол 2002-2003 онд Эстонийн Засгийн газрыг тэргүүлж байсан, хожим нь Европын холбооны бүтцэд алба хашиж, Европын комиссын дэд ерөнхийлөгч, тээврийн асуудал эрхэлсэн комиссараар нь ажиллаж асан маш нөлөө бүхий өрсөлдөгч байлаа.
Гадаад хэргийн сайд Марина Кальюранд түүнд гол өрсөлдөгч болж болохоор байсан ч тэрбээр эхийн талаасаа орос гаралтай юмсанж. Санал асуулгын дүнгээс үзвэл тус улсын иргэдийн 31 хувь нь түүний төлөө саналаа өгөхөд бэлэн байжээ. Энэ байдал өөрийн нэр дэвшигч Каллас, нийгэмд өндөр нэр хүндтэй Кальюранд хоёрын алийг нь дэмжих вэ гэсэн ацан шалаанд Өөрчлөлтийн намын удирдлагыг оруулсан аж. Тэгээд намаасаа нэр дэвшигчийг дэмжих нь зүйтэй гэж шийдсэн байна.
Сөрөг хүчний Төв үзлийн намын удирдагч Эдгар Сависаар Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцох, эсэх нь чухал байлаа. “Төв үзэлтнүүдийн тэргүүнийг эдийн засаг, нийгмийн салбарт дэг журам тогтоож чадна гэж үздэг хүн тус улсад олон байв. Гэвч “хамар дээрээ эвэртэй хирс” (Сависаарыг ийн хочилдог) маань нэрээ дэвшүүлэх эрхээ намын нөхөр, Парламентын “Төв үзэлтнүүдийн” фракцын орлогч дарга хатагтай Майлис Репсэд шилжүүлжээ. Ингээд наймдугаар сарын 29-нд болсон сонгуулийн эхний даваанд Парламентын спикер, социал-демократ Эйки Нестор болон Майлис Репс, Чөлөөт нам, “Эх орон болон Res Publica”-ийн холбооноос нэрийг нь дэвшүүлсэн, нам бус Аллар Йыкс нар оролцов.
Эстонид Ерөнхийлөгчөө Парламент нь сонгодог юм байна. Нэр дэвшигч дор хаяж 68 депутатын дэмжлэг авах ёстой. Наймдугаар сарын эцсээр гурван удаа санал хурааж, сүүлчийнхээс нь Каллас, Репс хоёр тунаж үлджээ. Гэвч сүүлчийн санал хураалтаар ялагчийг тодруулж чадсангүй. Ингэсний эцэст хуульд зааснаар өрсөлдөөн сонгогчдын төлөөллийн мэдэлд шилжив. Энэ сонгууль есдүгээр сарын 24-нд болсон бөгөөд уг төлөөлөлд 335 хүн орсны 101 нь парламентын гишүүн, 234 нь өөрийгөө удирдах байгууллагын төлөөлөгч байлаа.
Эхний санал хураалтуудад нэрээ дэвшүүлэхгүй байсан Марина Кальюранд чухам энэ үед санаанд оромгүй алхам хийж, нэрээ дэвшүүлэхийн тулд огцрохоор шийдсэнээ есдүгээр сарын 9-нд зарлав. Энэ явдал бусад нэр дэвшигчийг болгоомжлоход хүргэсэн төдийгүй Марина Кальюрандын эцэг Имантис Уйтс нь СС-д алба хааж байснаар үл барам Төмөр загалмай одонгоор хоёр удаа шагнуулж байсныг нь “Postimees” хэвлэлд хэдхэн хоногийн дараа мэдээлсэн байна.
Ерөнхийлөгчөө сонгох гэсэн дөрөв дэх оролдлого есдүгээр сарын 24-нд болж, бүтэлгүйтэв. Хоёрдугаар шатанд оролцсон Йыкс, Каллас нар шаардагдах хэмжээний санал авч чадсангүй. Түүгээр ч барахгүй сонгуулийн сунжирсан үйл явцаас хоёул залхаж, Төрийн тэргүүний суудлын төлөөх тэмцлээс татгалзлаа. “Сонгууль тасалдсан хоёр шалтгаан байгаа нь нэг талаас Ерөнхийлөгчөө сонгох Эстонийн тогтолцоо хэтэрхий нүсэр юм.
Улс төрийн хямрал үүсгэхэд хүргэж байна. Нөгөө талаас Эстонийн улс төрд Өөрчлөлтийн намын уламжлалт тэргүүлэх үүргийг эргэлзээтэй болгохоор улс төрийн тодорхой хүчнүүд шийдсэн байна” гэж улс төр судлаач Александр Носович үзэж буй аж. Түүний үгээр бол холбоотнууд нь хүртэл боломжийг ашиглан эрх мэдлийг өмчлөх эрх байхгүй хэмээн Өөрчлөлтийн намд сануулахаар шийджээ.
Сонгууль сунжирч буйд нийгэм бүхэлдээ бухимдав. Ийм нөхцөлд фракцуудын тэргүүнийг нэгтгэдэг Парламент дахь ахлагчдын хурал болж, өргөн олон түмэнд огт танил бус Керсти Кальюлайдын нэрийг Ерөнхийлөгчийн суудалд дэвшүүлэх санал гаргав. Кальюлайд ч энэ саналыг хүлээн авч буйгаа илэрхийлснээр ажил хэрэг амархан гэгч бүтэх нь тэр. Түүнийг дэмжих 90 саналыг депутатууд түвэггүй цуглууллаа.
Керсти Кальюлайдын анхны эзэмшсэн мэргэжил биологич юм байна. Дараа нь магистрын диплом авч, хувийн болон төрийн байгууллагад удирдах албанд ажиллажээ. 2011 оноос Европын холбооны тооцооны танхимд Эстони улсаа төлөөлөх болов.
Кeрсти Кальюлайд дөрвөн хүүхдийн эх юм. Түүний нөхөр Георг-Рене Максимовский албан ёсоор бол “ажилгүй” гэсэн бүртгэлтэй байдаг ч хүмүүсийн ярих нь ямар нэг “нууц ажил” эрхэлдэг бөгөөд “зүүнээс дөнгөж гарч буй” Ерөнхийлөгч-гэргий нь энэ тухай ярихыг хүсдэггүй гэх. Харин хэвлэлүүд болохоор Төрийн шинэ тэргүүний нөхрийг тагнуулын байгууллагад хамааралтай гэж үздэг аж. Керсти Кальюлайдын ах Раймонд Кальюлайд нийслэлийн нэгэн дүүргийн Засаг даргаар ажилладаг гэнэ. Эстонийн цагдаагийн байгууллага түүнийг төсвийн хөрөнгийг гамгүй зарцуулсан хэрэгт сэжиглэдэг байна.
Эстонид оршин суудаг цөөнх орос үндэстэнтэй төрөлх хэлээр нь ярилцаж байна гэж сонгуулийн өмнө Кальюлайд амлаж байжээ. Тэгэхдээ миний оросоор ярих аялга эстониор ярих нь дээр юм байна гэх бодол тэдэнд төрүүлж магадгүй хэмээн хошигнол оруулж хэлсэн байна.
Оросын эрх баригчидтай илүү ойр хэлхээ холбоотой болох байдал төлвийг олж харахгүй байна гэж тэрбээр мэдэгдсэн аж. “Энэ бол биднээс шалтгаалахгүй. Оростой ялангуяа дипломат хүрээнд харилцаж, өөрийн үйл ажиллагааг холбоотнуудтайгаа нягт уялдуулах нь тун чухал” гэж Кальюлайд тайлбарлажээ.
Энэ сарын 3-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжих санал хураалтаар Кальюлайд 81 депутатын санал авч ялсан юм. Хэн ч үл таних, төрийн даруухан ажилтан эмэгтэй олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчдийн өмнө яагаад гишгэв гэдэг асуудал Эстонийн олон иргэн, мэргэжилтний тархийг гашилгаж байна. “Эстонийн орос сургууль” хэмээх улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллагын дарга Мстислав Русаков чухам энэ асуудлаар өөрийн бодлыг илэрхийлжээ.
“Кальюлайдын нэрийг хэн ийм шаргуу дэвшүүлэв, депутатууд энэ саналыг хүлээж авахгүй байж чадаагүй хэрэг үү? Энэ чинь ид шид үү, илбэ жатга уу. Хэрэв илбэ юм бол илбэчин нь хэн бэ гэсэн асуулт гарч ирнэ. Кристина (Кeрсти) сүүлд Европын холбооны Тооцооны танхимд ажиллаж байсныг бодолцвол энэ холбооны “бууны нохой” байж болох юм” гэж Русаков үзэж буй юм байна. “Холбоотнуудаа” түшиглэнэ гэж Кальюлайд илэн далангүй мэдэгдсэнээс үзвэл энэ таамаглал үнэнд нэлээд ойр байж болох мэт.
Ямар ч байлаа гэсэн Эстонийн улс төрд ямар нэг өөрчлөлт орох нь. Харж л байя.