
Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн хүрээнд Истанбулд болсон хэлэлцээ зөвхөн Москва, Анкараг гэлтгүй бусад улс хоорондын харилцааг ч түргэн ойртуулах бололтой. Ойрхи Дорнодын бүс нутгийг бүхэлд нь Оросын эсрэг “ариун дайн”-ы өгөөш хэмээн Вашингтон үзэж байгаа бөгөөд мөргөлдөөнд татагдан орсон улсуудын удирдагчид үүнийг ойлгож эхэлж байна. Геополитик гэдэг нь эдийн засаг, улс төр болон цэргийн нөлөөний цогц хөшүүрэг юм. Энэ талаар Орос хэр чадавхтай байна вэ?
ЭРЧИМ ХҮЧ БОЛ УЛС ТӨРИЙН ЗЭВСЭГ
Энэ сарын 10-нд Истанбулд болсон дэлхийн 90 орны эрчим хүчний томоохон компаниудын удирдагчид, төрийн зохицуулагч байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгаа болон экологийн төвүүдийн төлөөлөгчдийг нэгтгэсэн ашгийн бус байгууллага болох Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн их хуралд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцлоо. Тэрбээр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан төдийгүй Азербайжан, Венесуэлийн удирдагчид, Персийн булангийн Арабын вант улсуудын төлөөлөгчидтэй уулзав. Саудын Араб болон Катартай юуны түрүүнд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлбэл Сири болон Иракийн талаар болон бусад асуудлаар улс төрийн байр сууриа тодорхой хэмжээгээр ойртуулахад тус дэм болох юм гэж Оросын Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Петр Искендер хэллээ. Түүний үзэж буйгаар, тус хуралд В.Путин оролцсон нь зөвхөн эдийн засгийн төдийгүй улс төр, дипломатын үүрэг гүйцэтгэсэн аж.
ОРОС, ТУРКИЙН АШИГ СОНИРХОЛ НИЙЦЭЖ БАЙНА
Дашрамд хэлэхэд, Сирийн нутаг дэвсгэрээр дамжуулан Катарын хийг Европ руу тээвэрлэх төслийг хэлэлцэхэд энэ уулзалтыг ашиглаж яагаад болохгүй билээ. Чухам энэ асуулт саудчууд болон катарчуудыг Сирийн мөргөлдөөнд татан оролцуулах хүчин зүйлүүдийн нэг юм хэмээн олон шинжээч үзэж байна. Дайны өмнө Башар Асад Ирантай хамтран ажиллахыг илүүд үзэж, Арабын вангуудтай гэрээ байгуулаагүй аж. Одоо энэ гэрээг эргэн авч үзэж, илүү ашигтай санал тавьж болох юм. Ингэснээр суннитийн дэглэмүүд Башар Асадыг хүлээн зөвшөөрөхөд хүргэж ч болох гэнэ.
Үүний сацуу Оросын “Газпром” компани Европын зах зээлээс Хятад руу шилжихээр төлөвлөсөн бөгөөд Катарын хийг дамжуулахад гол тоглогч нь Турк улс байх юм. Энэ дагуу Москва “Туркийн урсгал” компанитай хий дамжуулах хоёр шугам тавих хэлэлцээрийг В.Путиний айлчлалын үеэр байгуулсан байна.
Сирийн мөргөлдөөнд Туркийн эзэлж буй байр суурийг Афганистаны асуудлыг зохицуулахад Пакистан оролцохтой харьцуулж болох аж. Хэрвээ энэ чиглэлээр Оростой хамтран ажиллах ойлголцолд Эрдоан бараг хүрсэн бол АНУ-тай хамтрахад Анкарад нэг бус, нэлээд хэдэн саад бэрхшээл тулгарна. Америкчууд Гюленийг ивээлдээ авсан болон Туркийн Инжирлик хот дахь Агаарын цэргийн баазад болсон эргэлт хийх гэсэн оролдлогоос гадна Сирийн курдүүдтэй америкчууд холбоотой байдаг гэсэн бэрхшээлүүд бий. Сирийн курдүүдийг Курдистаны ажилчны намын террористууд гэж Эрдоан үздэг юм. Сирид явуулж буй кампанит ажилд Пентагоны цорын ганц, найдвартай холбоотон нь курдүүдийн зэвсэгт бүлэглэлүүд учир тэднээс Цагаан ордон татгалзахгүй.
ОРОСЫН ЭСРЭГ “АРИУН ДАЙН”-ААС ХЭН ГАРАВ
Сирийн кампанит ажлаа амжилттай явуулбал ОХУ-ыг цэргийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн Ойрхи Дорнодын орнууд шүүнэ гэхгүй. Ямар ч байсан ОХУ-ын нисэх хүчин Сирид хугацаагүйгээр байрлах болсныг тэд ойлгохгүй байх учиргүй. “Ойрхи Дорнод бол геополитикийн маш нарийн зангилаа. Эндээс эрчим хүчний урсгалыг хянаж болдог төдийгүй хэд хэдэн тэнгис рүү гарах гарц бий. Өөрөөр хэлбэл, өргөн уудам бүс нутгийг хяналтдаа байлгах боломжтой” гэж Петр Искендер хэлэв. Чухам Хойд Африк, Ойрхи болон Дундад Дорнод, Баруун Ази дахь гол тоглогчид хооронд эвлэрэшгүй зөрчилдөөн байдаг. “Туркийн урсгал”-ын талаар гэвэл тус улсын хэрэглэгчдэд чиглэсэн эхний хоолойнуудыг тавихад магадгүй хоёр жилийн дараа Европын байдал өөрчлөгдөж, энэ төсөл европчуудад ч эрэлттэй болж болох юм.
Шинжээчийн дүгнэлтээс үзвэл, Орос улсад Ойрхи Дорнодод Сириэс гадна хамтран ажилладаг Иран, Ирак гээд холбоотнууд бий. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Алеппогийн талаар санал хураахад Хятад, Венесуэлийн хамт Оросын тогтоолыг дэмжсэн Египет улс байдаг. Харин Иорданд ОХУ-аас болгоомжлох хэрэггүйг нотлох шаардлагатай буй.
Энд тэмдэглэхэд Сирийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж чадахгүй бол Вашингтоны дараагийн золиос нь Иорданы ван хоёрдугаар Абдулла болох гэнэ.