
БНХАУ-ын нийт бүс нутгаар өдөрт дунджаар 1300 ахмад настан сураггүй алга болдог аж. Энэ талаар тус улсын дотоод хэргийн яамнаас саяхан мэдээлсэн бөгөөд жилд дунджаар 65-аас дээш настай 500 мянган ахмад хүн алга болдог хачирхалтай тооцоог танилцуулжээ. Гэхдээ албаны хүмүүсийн мэдээлснээр сураггүй алга болдог иргэдийг хулгайлдаггүй, харин өөрсдөө “явдаг” гэнэ.
Учир нь ахмад настнуудын дунд ой санамжаа алдах өвчин өндөр байдгаас настнууд орон гэрээ олохгүй төөрдөг бололтой. Энэ дүнтэй холбоотойгоор урд хөршид эцэг эхээ асрах тухай шинэ хууль гаргахаар төлөвлөжээ.
Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар тус улсад 65-аас дээш настай 114 сая хүн амьдарч байгаа юм. Ирэх 30 жилд тэтгэвэртээ гарах хүний тоо дахин 90 саяар нэмэгдэх юм байна. Хятадын Засгийн газраас 2030 он гэхэд 400 сая хүн 60-аас дээш настан байна гэж таамаглажээ.