
Энэтхэгийн Гоа мужид болсон БРИКС-ийн дээд хэмжээний найм дахь удаагийн уулзалтад оролцогчид “Гоагийн тунхаг бичиг”-ийг батлав. Ирэх жилийн ажлыг нь тодорхой болгож буй энэ баримт бичгийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөөг мөн баталлаа.
Үүний сацуу Хөдөө аж ахуйн судалгааны мөрийн хөтөлбөрийг буй болгох харилцан ойлголцлын тунхаг бичиг, БРИКС-ийн орнуудын гаалийн хамтын ажиллагааны хорооны тухай журам, Дээд хэмжээний уулзалтад оролцсон таван орны дипломат академи хоорондын харилцан ойлголцлын тухай санамж бичгийг баталжээ.
ДАНГААР ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВАХ БОЛОН НҮБ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРГИЙН ТУХАЙ
Бусад улсын дотоод хэрэгт нэг улс хөндлөнгөөс оролцохгүй, дангаар хориг арга хэмжээ авахгүй гэдгээ БРИКС-ийн гишүүд тунхаг бичигтээ дурдсан байна. Мөн дэлхий дахинд НҮБ-ын төвийг сахих үүрэг болон олон улсын өнөөгийн асуудлаарх ерөнхий үзэл баримтлалаа Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ) уг баримт бичигт нотолжээ.
“НҮБ-ын төвийг сахих үүрэг болон олон улсын хууль дүрмийг хүндэтгэх үндсэн дээр илүү шударга, ардчилсан, олон туйлт олон улсын хэв журамд шилжих дэлхий дахины өнөөгийн гүн гүнзгий өөрчлөлтүүдийн талаарх үзэл баримтлалаа хэвээр хадгална. Эв санаа нэг, харилцан ойлгосон, итгэсэн үндсэн дээрх практик хамтын ажиллагааны болон олон улсын асуудлуудыг шийдэхийн тулд гаргаж буй хүчин чармайлтаа зохицуулах шаардлагатайгаа бид дахин нотолж байна.
Улс төрийн болон дипломат арга хэрэгслээр маргаануудаа эв зүйгээр зохицуулах, олон улсын асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын хүчин чармайлт гаргах нь чухлыг онцлон тэмдэглэв. Үүнтэй холбогдуулан бид НҮБ-ын дүрмийн зарчмуудыг баримтлахаа бид нотолж байна” хэмээн баримт бичигт тэмдэглэжээ.
Тэрчлэн уг баримт бичигт дэлхийн хоёрдугаар дайн дүнг эргэн авч үзэхгүй хэмээсэн байна.
СИРИЙН ХЯМРАЛЫГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ
Сирийн сөргөлдөгч талууд тус улсын ард түмний эрх ашигт нийцүүлэн мөргөлдөөнөө эв зүйгээр зохицуулах ёстой гэдэгт БРИКС-ийн гишүүн орнууд итгэлтэй байна. Тэгэхдээ 2012 оны зургадугаар сарын 30-ны Женевийн албан ёсны баримт бичиг, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2254, 2268 дугаар тогтоолыг үндэслэн яриа хэлэлцээ хийнэ хэмээн найдаж буйгаа тунхаг бичигт дурджээ.
“Исламын улс”, “Жебхат ан-Нусра” зэрэг, террорист хэмээн НҮБ-аас хүлээн зөвшөөрсөн бүлэглэлүүдтэй тэмцэхийг БРИКС-ийн гишүүн орнууд уриалсан байна.
Үүний сацуу дээд хэмжээний уулзалтад оролцогчид Ойрхи Дорнодын байдалд сэтгэл түгшиж буйгаа илэрхийлжээ. “Ойрхи Дорнод, Хойд Африкийн байдалд бид гүнээ түгшиж байна. Олон улсын хууль дүрэм, бүс нутгийн орнуудын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зарчмуудын дагуу хямралыг зохицуулах арга зам олоход чиглэсэн бүх хүчин чармайлтыг бид дэмжиж байна” гэж тунхаг бичигт цохон заав.
ХОЁР ТАЛЫН УУЛЗАЛТ
БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Гоад уулзаж, олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр талын харилцааг тэлэхээр тохиролцлоо. 2017 оны БРИКС-ийн уулзалтыг БНХАУ даргалах юм. Энэ уулзалтыг амжилттай зохион байгуулах асуудлаар ОХУ болон бусад талтай хамтран ажиллахад бэлэн буйгаа БНХАУ-ын дарга Си Зиньпин мэдэгджээ.
БНХАУ болон ОХУ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон болохыг тэрбээр онцлон тэмдэглээд, хоёр улс НҮБ, ШХАБ, БРИКС зэрэг олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “ОХУ болон БНХАУ дээд түвшинд харилцаа холбоотой, олон салбарт хамтран ажиллаж байгаа нь хоёр улсын харилцаанд маш чухал ач холбогдолтой юм.
ОХУ олон улсын байгууллагын хүрээнд БНХАУ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, БРИКС-ийн ес дэх удаагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ” гэв. Тэрбээр цааш хэлэхдээ, БНХАУ нь ОХУ-ын эдийн засгийн чухал түнш бөгөөд эрчим хүч, тээврийн дэд бүтэц, нисэх онгоцны үйлдвэрлэл, сансрын салбарт тус улстай хийж буй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Үүний сацуу ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар уулзав. Энэ уулзалтын үеэр талууд цэрэг, техникийн салбарт хамтран ажиллах 18 хэлэлцээр баталжээ. Тодруулбал, ОХУ-аас алсын тусгалтай “С-400” пуужингийн систем нийлүүлэх, Энэтхэгийн Тэнгисийн цэрэгт зориулж “11356 төсөл”-ийн хөлөг онгоц үйлдвэрлэх, “Ка-226Т” нисдэг тэрэг үйлдвэрлэх хамтарсан компани байгуулах гэрээ байгуулсан байна.
Гоагийн уулзалтад Энэтхэг, Орос, Хятадын удирдагчдаас гадна ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зума, Бразилын Ерөнхийлөгч Мишел Темер нар оролцлоо.