
АНУ тэргүүтэй эвсэл Иракийн хойд нутгийн Мосул хотыг “Исламын улс”-ын босогчдоос чөлөөлөх ажиллагаа эхэлсэн. Аравдугаар сарын 15-ны орой Америкийн их буу хотын зүүн хэсэгт цохилт өгч, уг ажиллагааг эвслийн нисэх онгоцнууд агаараас дэмжсэн. Харин террористууд нисэх онгоцнуудын ажиллагаанд хүндрэл учруулахын тулд хотыг тойруулан ухсан шуудуунуудад нефть, автомашины дугуй шатаав.
Эл ажиллагаа хурдан дуусахгүй, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болтол үргэлжилж магадгүй хэмээн шинжээчид үзэж байна. Мосулыг чөлөөлөх нь Цагаан ордны гадаад бодлогын томоохон ялалт болж, Б.Обамаг “Исламын улс”-ын эсрэг шийдвэртэй ажиллагаа явуулж чадаагүй хэмээн шүүмжилдэг Д.Трампаас Хиллари Клинтоныг давуу байдалтай болгох юм.
Даваа гаригт шилжих шөнийн турш Америкийн телевизийн сувгууд Мосулыг чөлөөлөх ажиллагаа чухал ач холбогдолтойг ярьжээ.
Мосул руу эвслийнхэн довтлохын өмнө ажиллагаа эхлэх гэж буйг анхааруулсан олон мянган хуудсыг Иракийн Агаарын цэргийн хүчин хотоор цацсан. Сонин маягаар хэвлэсэн хуудсуудыг “Ялалтын цаг” гэж нэрлэжээ. Түүнд Иракийн Ерөнхий сайд Хайдер Аль-Абади “Исламын улс”-гүй цэвэр Ирак улс мандан бадрах цаг ирлээ” хэмээн хэлснийг эш татсан байна.
Оршин суугчдад босогчдын байршлаас холдох, орон гэртээ байх, цонх, хаалгаа нээхгүй байхыг уриалжээ. Тэрчлэн “Исламын улс”-ынхны ажиллагааны тухай мэдээлж болох утасны дугаарууд бичсэн байв.
Тэгтэл Мосулд энгийн номхон хэдэн зуун мянган оршин суугч бий. Хотоос гарсан нь Мосултай зэргэлдээ орших Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын босгосон, дүрвэгсдийн хуаранд байрлаж болох аж. Гэхдээ хуаран ердөө 200 мянган хүний багтаамжтай. Үлдсэн хүмүүс “Исламын улс”-ынхны амьд бамбай болохоос өөр аргагүй.
Үүний сацуу хот дотуур болон гадуур нууцаар шилжилт хөдөлгөөн хийж болох сайн дэд бүтэц террористуудад бий. Энэ тухай Мосул хотын зүүн хэсэгт хонгил зам барихад биечлэн оролцсон, босогчдын олзлогдогч асан телевизийн CNN сувагт ярьжээ. Тодруулбал, Хамдания тосгонтой хотыг холбосон хонгил зам мотоцикл явахаар том гэнэ. Ийм бэхлэлтүүд нь хөрш Сирийн цэргийнхэнд асуудал үүсгэж буй аж.
Тамхи татсан, мусульман ёсоор хувцаслаагүйн төлөө хоригдсон зарим хоригдлыг ажиллагаа эхлэхийн өмнө исламын террористууд шоронгоос суллажээ. Мөн айлган сүрдүүлэх арга хэрэглэж, 14 босогчийг гэр бүлийн хамт хотоос гарахыг оролдсон хэмээн цаазалсан байна.
Үүнээс өмнө мэдээлснээс үзвэл, Иракийн арми болон эвслийн цэргүүдтэй шийдвэрлэх тулаан хийхийн урьд “Исламын улс” шархдагсдаа Мосулаас Сирийн Ракка хот руу гарахыг зөвшөөрчээ. Үүнийг Башар Асадын эсрэг тэмцлээ үргэлжлүүлэхийн тулд хийсэн байж болох аж. Жишээ нь, Дейр-эз-Зор болон Пальмира руу давшиж мэдэх юм. Чухам ийм аргаар америкчууд өнгөрсөн зун Иракийн Эль-Фаллужа хотыг чөлөөлсөн билээ.
Дүрвэгсдийн тоо нэмэгдэнэ хэмээн түгшиж буй Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоан Мосулыг чөлөөлөх ажиллагаанд оролцох болсон. Түүхийн үүднээс Турк улс Османы эзэнт гүрний нэг хэсэг байсан Мосулыг өөрийн нутаг дэвсгэрээ хэмээн үздэг. “Евфратын бамбай” ажиллагааны үр дүнд Сирийн хойд нутагт бий болсон шиг цэргийн түшиц газар Иракт бий болгохыг Тайип Эрдоан хүсэж буй.
Мосулыг чөлөөлсний дараа Багдад тэндээс Туркийн түшиг тулгуур болсон суннитийн хүчнийг шахан гаргана хэмээн Анкара болгоомжилж байгаа юм. Зорилгуудынх нь нэг юу гэвэл, Мосулаар дамжин Сири рүү зурвас гаргахыг зорьж буй Ираныг тогтоон барих явдал аж. Бас нэг хүчин зүйл нь энэ бүс нутаг дахь, дэлхийд томоохонд тооцогдох нефтийн нөөц. Мосул орчимд Иран, Турк хоёр шууд мөргөлдөх магадлал маш өндөр гэж шинжээчид үзэж байна.