
2016.11.07. 14.30 цаг. Сонгинохайрхан дүүрэг Таваншарын уулзварын зүүн урд талын “МТ” ШТС-ын гарц
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, зам, даваанд халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор цаг агаарын төлөвийн талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ерөнхий технологич Ч.Сарантуяагаас тодруулахад “Маргааш (өнөөдөр) баруун аймгуудын баруун хэсэг, 9-нд Улаанбаатар хот болон төвийн нутгаар, 10-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар цас орж, ихэнх нутгаар цасан шуурга шуурна.
Говийн бүс нутгаар 3-8 градус, бусад нутгаар хасах хоёроос нэмэх дөрвөн градус байна. Энэ сарын 11, 12, 13, 14-нд хүйтний эрч өдөртөө бага зэрэг сулрах ч дунд үеэс тэнгэр муудах төлөвтэй байна. Баян-Өлгий, Хөвсгөлийн Мөрөнд энэ сарын эхээр бороо орсон. Нутгийн хойд хэсэгт нэлээд зузаан цас тогтоод байна. Хүйтний эрч бага зэрэг сулрахаар тэр нь доош сууж, дагтаршаад шөнөдөө хөлдөх учир мал бэлчээхэд хүндрэл үүсэж болзошгүй. Арванхоёрдугаар сард нутгийн хойд хэсгээр цас ахиу орох төлөвтэй байгаа” гэв.
Харин Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн ахлах инженер Д.Бауыржан “Энэ онд 522 тн 625 кг бодис, 1129 тн давс нөөцөлснөөс өнөөдрийн байдлаар 453 тн бодис, 920 тн давс үлдээд байна. Амралтын өдөр орсон цаснаар давс, бодис цацсан. Өнөөдөр (өчигдөр) цас их ороогүй учраас цацаагүй. Хотын хэмжээнд ТҮК-ийн 585 ажилтан, хог цэвэрлэх 19 машин ажиллаж байна. Төсөв мөнгөний хүрэлцээ муу байгаа учраас давс, бодисоо хэмнэн, цасаа шүүрдэж байна” гэв.
Хотын захын замууд мөстөн, халтиргаа гулгаа ихтэй байгаа. Тэдгээр замд давс, бодис цацсан, эсэхийг түүнээс асуухад “Сүүдэр талын болон өгсүүр зам дээр бүгдэд нь давс, бодис цацаж байгаа” гэж ярив.
Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий аймгийн замд халтиргаа гулгаа ихсэж, зам, тээврийн осол гарсаар байгаа аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газарт 624 дуудлага, мэдээлэл ирсний 474 нь зам, тээврийн ослынх байжээ. Уг осолд хоёр хүүхэд өртсөн бол гурван хүн амиа алдсан байна.
Сонгинохайрхан дүүргийн нутаг Жаргалант тосгоны замд “Тоёота приус 20” маркийн Л жолоочтой автомашин онхолдон, зорчигч 61 настай М нас барсан бол Булган, Сэлэнгэ аймагт авто ослоор хоёр хүн амиа алдаж, дөрвөн хүн гэмтжээ. Осол гаргасан жолоо нарын олонх нь машиныхаа зуны дугуйг солилгүй хөдөлгөөнд оролцсон байжээ. Тиймээс орон нутгийн замд зуны дугуйтай зорчихыг өчигдрөөс эхлэн Замын цагдаагийн газраас хориглолоо.