
Жайка олон улсын байгууллагаас Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Сэргээгдэх эрчим хүч /газрын хөрсний дулаан/ ашиглан бага эрчим хүчээр хүнсний ногоо тариалах технологи дэмжих төсөл”-ийг Монгол Улсад гурван жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн байна. Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай ч энэ төслийн үр дүнд газрын хөрсний дулааныг ашиглан, эрчим хүчний хэмнэлттэй аргаар өвлийн цагт ч хүнсний ногоо тариалах боломжтойг харуулжээ. Дулааны улиралд уг хүлэмжинд 3-4 төрлийн нарийн ногоо тариалдаг аж. Харин өвлийн улиралд бууцай тариалахад тохиромжтой байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа. Төслийн баг хамт олон өнөөдөр ургацаа хурааж хаалтын ажиллагаагаа хийсэн юм. Уг ажиллагаанд Японы Элчин Сайдын яам, Жайка олон улсын байгууллага, Эрчим хүчний яам болон нийслэлийн холбогдох газрын төлөөлөл оролцлоо. Монгол Улсад гурван жилийн турш амжилттай хэрэгжсэн уг төслийг Эрчим хүчний яам хариуцан үйл ажиллагааг үргэлжлүүлэх юм байна.Төсөл хэрэгжүүлэгчдийн сэтгэгдлээс:
А.Буянбаатар / ХААИС-ийн багш, доктор, профессор/
- Хөрсний дулааныг 5-6 метрээс 6-9 градусын дулааныг авч ашиглаж байна. Зун бол эсрэгээрээ хөргөөх систем болдог. Өөрөөр хэлбэл +25 градусын дулаантай байхад темпратурыг хөргөж хэвийн болгодог. Аль ч төрлийн хүнсний ногоог тариалж болно. Зуны улиралд ихэвчлэн өргөст хэмх, улаан лооль тариалж байна. 12 дугаар сараас хоёрдугаар сарын хооронд буюу эд хүйтний үед хүлэмжээ амраадаг.
Игараши / Эко орчин түгээх нийгэмлэгийн тэргүүн /
-“Сэргээгдэх эрчим хүч буюу (хөрсний дулаан) бага эрчим хүчээр хүлэмжид хүнсний ногоо тариалах төсөл” гурав дахь жилдээ хэрэгжиж амжилттай дуусч байна. Эрчим хүчний яам, ХХААХҮЯ, Нийслэлийн үйлдвэр хөдөө аж ахуйн газар, ХААИС хамтарч гурван жил хамтарч ажилласны үр дүнд өнөөдөр ургацаа хураан авч байна. Энэхүү төсөл үүгээр хэрэгжээд дуусч байгаа ч хоёр орны хөдөө аж ахуйн салбарт хийгдэх олон ажлууд цаашид үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байна.