
Өглөө, орой ажил, сургууль, гэр рүүгээ явах гэж автобус хүлээсэн хүн буудлаар пиг. Гэтэл ирсэн автобус нь хүнээ авахгүй, зогсохгүй явчихна. ”Аргагүй юм даа, багтахгүй байхад яаж зогсох билээ” гэх хүн олон ч ирсэн хоёр, гурван автобусны алинд нь ч сууж чадаагүйдээ уурлаж, жолоочтой хэрэлдэх, загнах, заавал суух гэж зүтгэх зэргээр бухимдлаа илэрхийлнэ.
Хэдхэн буудлын газар амьдардаг нэгэн нь алхчихдаг ч хол гэртэй нь хүлээхээс өөр аргагүйд хүрэн, ажил, сургуулиасаа хоцрох нь энүүхэнд. Мөн автобусны картандаа найдаад бэлэн мөнгөгүй гарсан, ор мөнгөгүй хүн ч бий. Тэдэнд такси барих боломж үгүй. Тэгвэл чухам юунаас болж ийм асуудал үүсээд байгааг нийслэлийн Тээврийн газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Баяртаас тодрууллаа.
-Өглөө, орой ачаалал ихтэй үеэр автобус хүрэлцэхгүй байгаа нь ямар учиртай юм бэ?
-Улаанбаатар хотод бүртгэлтэй 1200 гаруй автобус байдаг. Тэдгээрийн 921 нь 85 чиглэлд зорчигч тээвэрлэж байна. Хүйтнээс болоод өчигдөр (даваа гариг) 5-6 баазын 54 автобусны хий хөлдсөн. Үүний улмаас хүмүүс буудал дээр удаан зогссон. Гэвч бид асуудлыг шуурхай шийдвэрлэж, бүх аж ахуйн нэгжид зөвлөгөө өгөх, газар дээр нь очиж шалгах арга хэмжээ авсан.
Өнөөдөр үйл ажиллагаа хэвийн болсон. Нөгөөтэйгүүр халтиргаа гулгаа их байгаагаас түгжрэл үүсэж, зарим чиглэлийн автобус цагаараа явж чадахгүйд хүрч, нэг талдаа гарах, буудал дээр зэрэг ирэх явдал гарч байна. Үүнээс болж нөгөө талын буудал дээрх хүмүүсийг удаан хүлээлгээд байгаа юм.
Тиймээс халтиргаа гулгааг багасгах арга хэмжээ авахыг холбогдох алба буюу Шуурхай удирдлага, зохицуулалтын төв, Хот тохижуулалтын газарт мэдэгдэж, тэдгээр байгууллагатай хамтран ажиллаж, хоёр цаг тутамд утсаар мэдээлэл солилцож байна.
-Автобусныхаа тоог нэмж болохгүй юм уу?
-Өглөө, оройны ачааллын үеэр нийтийн тээврийн үйлчилгээнд 921 автобус цаг, графикийн дагуу явж байгаа. Тоог нэмэгдүүлэх нь эдийн засгийн хувьд асуудалтай. Төсөв хүрэлцдэггүй учраас тийм боломж хомс. Гэвч хүмүүс ажил дээрээ байх, хичээл, сургуульдаа явсан үе буюу өдрийн цагаар тодорхой чиглэлийн автобусыг зогсоож, орой ачааллын үеэр явуулах арга хэмжээг манайх авдаг.
-Зарим автобусанд хүн нь багтахгүй байхад зарим нь хоосон шахуу явж харагддаг. Үүнийг зохицуулж, оргил ачааллын үеэр чиглэлийг нь хооронд нь солих арга хэмжээ авч болдоггүй юм уу?
-Тухайн чиглэлд зорчигчдын эрэлт хэрэгцээ хэр их байгааг манай Тээврийн төлөвлөлтийн хэлтсийнхэн судалсны үндсэн дээр тэр чиглэлд автобус явуулах, эсэхийг шийддэг. Картаар үйлчилж эхэлснээс хойш нэг автобуснаас буугаад нөгөө автобусанд суухдаа 30 минутын дотор үнэ төлбөргүй дамжих эрхтэй болсон шүү дээ. Багтахгүй байгаа хүмүүс ингэж явж болно.
-Цаашид цаг агаар улам хүйтэрч, цас их орох төлөвтэй байгаа. Тэгвэл өнгөрсөн даваа гаригийнх шиг автобус хөлдөх, ачаалал нэмэгдэх асуудал гарах уу. Энэ тал дээр урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байна вэ?
-Энэ сарын 11-нд болсон нийслэлийн шуурхай зөвлөгөөний дараа Засаг дарга С.Батболд бидэнд 01 тоот албан даалгавар өгсөн. Үүний хүрээнд бид бэлтгэл ажлаа базааж байна. Тухайлбал, бүх бааз, нэгтгэлийг нөөц автобус, инженер техникийн ажилтантай байлгах зэрэг арга хэмжээ авч буй.