Төв аймгийн Баянцагаан сумын төвийн зүүн хойд зүгт Хүүхэн хонгор хэмээх уул байдаг. Энэ уулын өвөр бэлд чулуун байгууламжийн урт талд газар ухаж суулгасан өвөрмөц хийцтэй, хүн чулуун хоёр хөшөө бий.
Эдгээр хүн чулууг анх Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн Хангайн анги 1989 онд доктор, профессор Д.Баяр нарийвчлан судалж, холбогдох он цагийг тогтоон судалгааны эргэлтэд оруулжээ. Харин ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн судлаачид 2017 уг дурсгалт газар авран хамгаалах судалгааг хийж гүйцэтгэсэн.
Тус хоёр хөшөөний урд талд бог болон бод малаар тахилга үйлдэж байсны ул мөр гарсан ба ясанд он цаг тогтоолгох С14 судалгааг Япон улсад хийлгэжээ. Судалгааны дүнгээр 1402calAD – 1441calAD (95.4%) буюу XV зууны эхэн хагаст холбогдох болох нь тогтоогдсон. Энэ нь Умард Юань гүрний үед ту газарт тахилга хийж байсныг гэрчлэх баримт болжээ.
XIII-XIV зууны үед холбогдох Чингис хааны Их орд “Ауруг Орд”-ны малтлагаар бог болон бод малын яс их хэмжээтэй гардаг бөгөөд судлаачид үүнийг Чингис хааныг таалал төгссөний дараа тус ордыг тахилга тайлгын газар болгоод мал хойлоглон их хааны сүнсийг тахиж байсан (Shaofan) хэмээн үздэг. Энэхүү тахилгын улбаа XV зууны эхэн үед хүртэл үргэлжилж байсныг Хүүхэн хонгор уулын хүн чулуун хөшөөний дурсгалын малтлагаар баталсан нь уг судалгааны нэг шинэлэг тал болсон аж. Тус дурсгалыг хадгалж хамгаалах үүднээс 14х12 м талбайд дурсгалыг бүрэн оруулж төмөр хашаа хийж, дурсгалын тайлбар сэлтийг гантиг чулуун самбар босгож орон нутгийн удирдлагад хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: ШУА-ийн Археологийн хүрээлэн