Монголын нийгмийн даатгалын тогтолцоо буруу байгааг олон улсын байгууллагынхан байнга шүүмжилж ирсэн. Тухайлбал, нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхыг бэхж үүлэх “Шинрай” төслийн ахлах зөвлөх Ямашита Маморү “Монголчууд 50 жилийн ирээдүйгээ харж, бүх иргэнээ тэтгэврийн даатгалд хамруулах хэрэгтэй. Монголд нэг талд нь маш их мөнгөтэй иргэн, нөгөө хэсэгт нь хөгжлөөс хоцорч үлдсэн бүлэг хүн байна. Дундаж давхаргынхан цөөн. Баян, хоосны ялгаа их гэсэн үг. Ирээдүйд өндөр настны тоо улам нэмэгдэх учраас одооноос хуримтлалынсан бүрдүүлж, дундаж давхаргыг зузаатгаж чадвал Монголын эдийн засагт үр өгөөжтэй” хэмээн зөвлөж байв. Мөн уг төслийн ахлах зөвлөх Ито Цүнэто бидний алс ирээдүйд санаа зовнин “Тэтгэврийн реформыг яаралтай, гэхдээ зөв хийх ёстой” хэмээж байв. Дундаж наслалт нэмэгдэх, ажиллах хүчний эзлэх хувь багасах, улмаар тэтгэвэрт гарагсад ядуусын эгнээ рүү автоматаар “гулсах”- ыг урьдчилж харсан учраас Ямашита Маморү, Ито Цүнэто нар ийн зөвлөсөн болов уу. Харин эрх баригчид дотоодын эдийн засагчдын үгийг ч тэр, олон улсын экспертийн зөвлөгөөг ч нохой хуцсаны дайтай үл тоож ирсэн. Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн даатгалын асуудлыг байнга улст өрж үүлж, Цагаан сар болохоор ёс юм шиг нэмэгд үүлж, ямар нэг хөнгөлөлт, чөлөөлөлтөд ахмадуудыг хамруулж, эдийн засгаа хорлодог нь улстөрчдийн гэм биш зан. Тэр жишгээрээ өнөө жилийн Цагаан сарыг угтаад ахмадуудын
Тэтгэврийг нэмлээ. Үүнээс өмнө нь ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэж байсан удаатай. Яг бодит байдалд бол бидний хөдөлмөрлөж олсон мөнгийг л нийгмийн даатгал нэрээр аваад, аав, ээжүүдэд минь буцаан өгсөн хэрэг. Монголын нийгмийн даатгалын тогтолцоо маш буруу, шударга бус, гажуудалтай байгаагийн нэг жишээ нь энэ. Бага залуугаасаа улсдаа эрдэм мэдлэг, чадвараа зориулж, тогтмол өндөр татвар төлсөн хүний авч буй тэтгэвэр нь огт ажиллаж, татвар төлж байгаагүй хүмүүсийнхээс нэг их ялгаагүй. Тодорхой хэлбэл, иргэн Дорж 20 ч хүрээгүй байхаасаа хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгал төлж ирсэн. Таны нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилт, зарим хэсэг нь гарын үсэгтэй ч тамгагүй хэмээгээд гурван жилийн өмнө тэтгэврийг нь дутуу тогтоожээ. Харин энэ удаагийн нэмэгдлээр тэтгэвэр нь авбал зохих хэмжээндээ арайхийн хүрсэн гэнэ. Харин насаараа ажил хийж байгаагүй, даатгалд нэг ч төгрөг нэмэрлээгүй иргэн түүнтэй яг адил буюу доод хэмжээгээр 500 000 төгрөгийн тэтгэвэр авна. Тэтгэврийн тогтолцоо маш шударга бус байгаагийн илэрхийлэл нь ийм. Нийгмийн даатгалын ерөнхий газрааc
гаргасан 2021 оны арванхоёрдугаар сарын мэдээгээр манай улсад тэтгэвэр авдаг 458 700 иргэн байна. Тэднээс 59.1 орчим хувь буюу 270 900 нь тэтгэврийн доод хэмжээгээр мөнгө авдаг гэнэ. Тэгвэл 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлж, доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэлээ. Мөн нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгт хүргэв. Ингэснээр 197100 хүний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр өсөв. Мөн 72 300 хүнийх 100 мянга, 200 000 иргэнийх 150 мянган төгрөгөөр нэмэгдлээ. Улмаар дундаж тэтгэврийн хэмжээ 29.7 хувиар нэмэгдэж, 548.4 мянган төгрөгт хүрэв. Тэтгэврийн эдгээр нэмэгдэлд 637.3 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас нэмж зарцуулна.
Тэтгэвэр нэмэхийг эсэргүүцэхгүй ч зөв тогтолцоо бүрдүүлэх нь чухал байгааг эдийн засагч Г.Батзориг хэллээ. Тэрбээр тэтгэврийн тогтолцоо буруу байгааг шүүмжилж, “Жишээ татъя. Түвшин гуай сарын 350 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Сарын эхэнд авдаг тэтгэврийн мөнгө нь ердөө цайны сүү авахаас хэтрэхгүй. Уг нь Түвшин гуай багш хүн. Олон мянган шавьтай, улсдаа хийж бүтээсэн гавьяа ихтэй. Хийсэн ажил, төлсөн даатгалыг нь тооцвол одоо авч байгаа тэтгэвэр нь бараг л доромжлол. Тэтгэврийн хэмжээ нь 500 мянган төгрөг болж өслөө ч түүний амьжиргаанд хангалтгүй. Гэтэл ахмадуудаа амьдрал зогоох төдий тэтгэвэр нэмэхийн тулд төр, засаг туйлдаж байна. Тэтгэвэр нэмэхэд хэдэн зуун тэрбум төгрөг зарцуулна. Одоогийн Тэтгэврийн сан 500 тэрбум төгрөгийн алдагдалтай. Нийлээд 1.3 их наяд алдагдалтай сан болно. Энэ бол маш их мөнгө. Алдагдлыг хэн төлөх вэ. Татвараар л төлнө. Ид хөдөлмөрлөж яваа та, бид л төлнө гэсэн үг. Төрийн мөнгө гэж байхгүй” хэмээсэн. Энэ бол бодит үнэн. Тэтгэврийн тогтолцоо буруу учраас төр залуусын “халаасыг сэгсэрч”, аав, ээжүүдэд нь тэтгэвэр нэрээр өгч байгаа хэрэг.
НДЕГ болон ХНХЯ-ныхан “Тэтгэврийн нэмэгдэл нь цагаа олоогүй шийдвэр, зөв шийдэл биш” хэмээн дотооддоо шивэр авир гэлцэх болжээ. Гадаадад бол тэтгэвэрт гарсан хүмүүс олон улсаар аялж, боломжийн сайхан амьдарч байхад Монголын өвөө, эмээ нарын олонх нь шууд л ядуусын эгнээнд шилждэг. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр нь өдөр тутмынх нь амьдралд ч хүрэлцэхгүй, урд хормойгоороо хойдхоо нөхөж амьдарч буй. Учир нь тэднийг хийж бүтээснээр нь үнэлж, дүгнэж чаддаг тэтгэврийн тогтолцоо манайд алга. Тиймээс одоо төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийг хувь хүн дээр нь хуримтлуулдаг тогтолцоо руу шилжүүлэхийг эдийн засагчид зөвлөж буй.
Уг нь Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоо олон жилийн түүхтэй. Ирэх онд 80 жилийн ойгоо тэмдэглэнэ. Өдгөө 20 монгол хүн тутмын нэг нь 65-аас дээш настай. 50 жилийн дараа таван хүн тутмын нэг нь 65-аас дээш настай болно гэх урьдчилсан тооцоо бий. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хүн амын насжилт ирээдүйд өсөж, залуучуудын орон байхаа болино. Ингэснээр ирээдүйд тэтгэвэрт илүү их мөнгө зарцуулна гэсэн үг.
Манай улсын 187 000 иргэн сайн дураар, 870 000 хүн өдгөө албан журмаар нийгмийн даатгал төлж байна. Харамсалтай нь, бидний төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө хуримтлагдах нь байтугай аав, ээжүүдийн минь тэтгэврийг өгөхөд ч хүрэлцдэггүй. Бид ч хөгширнө. Тэр цагт тэтгэвэрт зарцуулах мөнгөний хэмжээ одоогийнхоос хэд дахин нэмэгдэж, залуусын хөдөлмөрлөж, төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө яагаад ч хүрэлцэхгүй болно. Тиймээс төр, засаг хүүхдээс нь авч, ээж, аавд нь тэтгэвэр нэрээр өгөхөөс өөр шийдэл гаргая. Тэтгэвэр тогтоохдоо шударгаар хандаж, хийсэн бүтээснээр нь ангилан, ялгая. Хөдөлмөрлөсөнд нь үр шимийг нь бүрэн хүртээе. Эс бөгөөс тэтгэвэргүй ирээдүй биднийг хүлээж байна