Хөгжмийн зэмсгүүдийг янз бүрийн юмстай зүйрлэсэн байдаг. Монгол үндэсний хуучрыг ааш нь олддоггүй гоё хүүхэнтэй адилтгаж хэлэхийг сонсож байлаа. Ая эв, ухааныг нь олон аргадаж тоглодог учраас тэр гэсэн. Эр хүний атгасан гарын чинээхэн мэт их биетэй тэр хөгжмөөр түүх өгүүлж, амьдрал хүүрнүүлж, хайр сэтгэл, хар санаа, улмаар дайны аюул гамшгийн тухай ч яриулан уянгалуулдаг нь хуучир хөгжимчид. Дэлхий нийтэд хуучрыг хятад хөгжим гэж ойлгодог юм билээ. Харин хятадууд өөрсдөө бол тийм гэдэггүй, үгүй гэж зүтгэдэггүй. Шар мөрнөөс хойш оршин суудаг ард түмэнд дэлгэрсэн зэмсэг гэх нь элбэг юм билээ. Түүхэн эх сурвалжууд энэ хөгжмийн зэмсгийн өлгий нутаг нь Монгол гэдгийг хэлж өгсөөр. Гагцхүү нэгэн үе монголчууд хуучир ч үгүй, морин хуураа ч танихаа болих нь холгүй байсан он жилүүд бий.
Ийм нэгэн адармаатай хөгжмийн зэмсгийг эзэмшсэн шиг эзэмшиж, тоглосон шиг тоглож буй хөгжимчид манайд олон. Өнгөрсөн сарын дундуур болж өнгөрсөн гарамгай хөгжимчдийн “Virtuoso gala concert”-д Хятадын хөгжмийн зохиолч Ли Юан Чиний бүтээл “Зүүдэнд униартах хязгаар” зохиолыг ҮУИТ-ын хөгжим¬ чин, Консерваторын оюутан Э.Энхбат тоглоход дэврүүлж хэлэхэд үзэгчид шооконд орсон юм. Хөгжимчин залуу алс холоос нутгаа санан гансарч буй нэгний өгүүлэл, өчил, дууллыг хуучир хөгжмөөр илэрхийлсэн нь үзэгчдийн сэтгэлийг бусниулж орхив. Тун чиг тод хэллэг, өгүүлэмжтэй уг туурвилыг Э.Энхбат яруу эгшиглүүлсэн. “Хуучир ингэж дуугардаг юм уу, сайхан ч залуу юм, яасан ч гоё хөгжимдөв” гэхчлэн санаа бодлоо нээлттэй хэлсэн бүсгүй хэд хэд байсан даа. Хэчнээн сайн зохиол байлаа гээд сайтар тоглохгүй бол хөгжим хүмүүсийн сэтгэлд хүрэхгүй. Бүтээлийг ингэж амилуулдаг хөгжимчдийг манай улсын хуучир хөгжмийн багш нар ар араас нь төрүүлэх болсон. Тэднийг Консерваторын ахлах багш, тус сургуулийн хүндэт профессор, Соёлын болон Боловсролын тэргүүний ажилтан П.Мөнгөнцэцэг манлайлж буй гэхэд маргах хүн гарахгүй болов уу.
Тэрбээр саяхан сошиалд ингэж бичжээ. “Өнгөрсөн арваннэгдүгээр сар ажил, амжилтаар дүүрэн байлаа. Монгол Улсын Консерваторын 85 жилд зориулж “Улаанбаатар” театрт зохион байгуулсан “Төгөлдөр оршихуй”, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын 70 насны ойд хаягласан “Шилдэг бүтээлийн дээжис” хүндэтгэлийн, Улсын филармонид болсон “Virtuoso gala concert-2022”, Соёлын төв өргөөнд болсон Консерваторын 85 жилд зориулсан хүндэтгэлийн гала зэрэг тоглолтод шавь нар минь сайхан хөгжимдлөө. Үүний зэрэгцээ өсвөр болон залуу үндэсний хөгжимчдийн “Гэрэгэ” уралдаан гээд олон чухал ажилд ч амжилттай оролцлоо. Энэ бүх хариуцлагатай арга хэмжээнд шавь Э.Энхбат маань олон хүний сэтгэлийг огшуулж, баярлуулан тоглосонд багшийн хувьд маш их баяртай байна. Үнэхээр их ачаалал, хөдөлмөр байлаа. ҮУИТ-ын хөгжимчин шавь М.Тэмүүлэн маань Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнууллаа. Улсын уралдааны А ангилалд Э.Энхбат тэргүүн байр, D ангилалд долдугаар ангийн М.Нинжин хоёрдугаар байр, Г.Амин-Эрдэнэ гуравдугаар байр эзэллээ. Бүгдэд нь баяр хүргэе. Улам хичээгээрэй” гэсэн байв.
Тийм ээ, энэ бүх тоглолт, арга хэмжээнд оролцож, сурвалжилж явсны хувьд сэтгүүлчийн зүгээс П.Мөнгөнцэцэг багшийн тухай даруй бичих юм шүү хэмээн онилсоор байсан юм. Консерватор буюу Хөгжмийн дээд сургуулийн Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн хуучир хөгжмийн багшийн нэг л сарын ажлын ачааллын тухай мэдээллээ. Шавь нар нь л уралдаанд оролцож концертод тоглоод байгаа гэж харагдах ч, тус бүрийг багш нь бэлтгэж, тоглолтын үед ч хамт байдаг. Тайз нь ямар юм, чанга яригч тавиулах юм уу, үгүй юү, сандал суудал нь тохирч уу гэх зэргийг хянаж, зохион байгуулагчидтай нь тулж ажилласаар, шөнө гэртээ харьдаг. Үүн дээр өдөр тутмын олон цагийн хичээл заах хөдөлмөрийг нь нэмэхээр багш нар хэр их ачаалал дааж амьдардаг тухай багцаа харагдана. Гэвч тэд ядарсан ч үгүй юм шиг, өвдсөн ч эрүүл мэт явж байдаг. Багшийн хөдөлмөрийн үр дүн шавийн тоглолт, ур чадварын зэрэгцээ орчны, заримдаа санаанд ором¬гүй нөхцөл байдлаас хамаарч хэмжигдэх нь бий. Тийм ч учраас “За, очоод тоглочихоорой, амжилт хүсье” гээд эцэг, эхэд нь, эсвэл өөрт нь даатгаад орхичихдоггүй.
Хуучирч, багш П.Мөнгөнцэцэг хэмээх тун хөдөлмөрч, боловсрол өндөртэй, мэдрэмж сайтай мэргэжилтэн 1987 оноос хойш төрөлх сургуульдаа 35 дахь жилдээ багшилж, нийт 50 гаруй хуучирч бэлтгэн, ажлын талбарт илгээсэн, өөрөөр хэлбэл Монгол Улсдаа тушаасан сурган хүмүүжүүлэгч.
П.Мөнгөнцэцэг 1962 онд төрсөн. Нийслэлийн Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар дунд сургуульд суралцаж байгаад 1975 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд элсэн хуучир хөгжимчин болох замд орсон юм билээ. Мэргэжлийн багш нь Гавьяат жүжигчин, дэд профессор С.Цэвэлмаа. Мөнгөө багш мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Булганы удирдлагаар удирдаач мэргэжил эзэмшсэн хос морьтон. 1982-1987 онд ЗХУ-ын Казахстаны Алматы хотын С.Курмангазын нэрэмжит Консерваторыг гоцлол хөгжимчин, багш, үндэсний найрал хөгжмийн удирдаач мэргэжлээр дүүргэжээ. Дээр хэлсэнчлэн 1987 онд төрөлх сургуульдаа ирж багшилж эхэлсний зэрэгцээ манай улс Соёл урлагийн их сургуультай болох үед тэнд хэсэгтээ давхар ажилласан байна. Тус сургуулийн хуучир хөгжмийн мэргэжлийн багш, Ардын хөгжмийн тэнхимийн эрхлэгч байв. Сургалтын агуулга, арга зүйн институтэд боловсрол судлал, сэтгэл судлалаар мэргэжил дээшлүүлсэн. Мөн БНАСАУ-ын Пхёньян хотын хөгжмийн сургуультай танилцах, БНХАУ-ын Бээжингийн Консерваторт туршлага судлах, БНСУ-ын Урлагийн их сургуультай танилцах хөтөлбөрт хамрагдаж, мэдлэг нэмсэн. ОХУ-ын Улаан-Үд хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн коллежийнхонтой хамтран ажиллаж, Казахстан улсын Алматы хотын Үндэсний консерваторт мэргэжил дээшлүүлсэн. 2012 онд Япон Улсын Осака хотын хөгжмийн коллежид судалгаа хийж, 2014, 2017 онд ОХУ-ын Красноярск хот дахь Д.А.Хворостовскийн нэрэмжит Соёл урлагийн их сургуулийн Үндэсний хөгжмийн факультеттай танилцах, хамтарсан хөтөлбөрийн хүрээнд, бас 2019 онд БНХАУ-ын Шанхай хотын Хөгжмийн консерваторт судалгаа хийжээ.
Консерваторын хуучрын мэргэжлийн ахлах багш, Ардын хөгжмийн Заах аргын нэгдлийн ахлагч, Ардын хөгжмийн тэнхимийн эрхлэгч, Бага, дунд мэргэжлийн сургалт хариуцсан менежерээр ажиллах хугацаандаа мэргэжлийн сургалтын 40 гаруй хөтөлбөр боловсруулж, шинэчилжээ. Тэрбээр хөгжимчний хувиар 300 гаруй тоглолтод оролцсон аж. Таван удаа уран бүтээлийн бие даасан тоглолт ч хийсэн юм. Гоцлол тоглолтын бичлэгүүд нь Монголын радиогийн алтан санд хадгалагдаж байдаг.
Тэрбээр Монголын мэргэжлийн хуучрын дэг сургалтын уламжлал, шинэчлэлийн харилцан шүтэлцээ, хуучирчдын хөгжимдөх арга техник, ур чадварыг хөгжүүлэн дээшлүүлэхдээ сургалтын гол тулгуур болсон урын сангийн асуудалд онцгой анхаарч иржээ. Монголын болон гадаадын хөгжмийн зохиолчдын төрөл бүрийн урсгал чиглэлийн 360 гаруй зохиол, 200гаад дасгал, этюдийг шаталсан хөтөлбөрүүддээ шинэчлэн оруулсан нь суралцагчдын тоглох хөтөлбөрийн сонголтыг өргөн хүрээтэй болгоход их хувь нэмэр болжээ. Хуучраар хөгжимдөх шинэ, шинэлэг арга техникийг бий болгосноор Монголын хуучир хөгжимчдийн тоглолтын ур чадвар үсрэнгүй дээшилж, олон улсын тайзнаа өндрөөр үнэлэгдэж буй аж. Түүнчлэн монгол хуучир хөгжмийн зэмсгийг урлан үйлдвэрлэх талаар санаачилга гаргаснаар өдгөө Монголын урлаачдын бүтээсэн зэмсгийг мэргэжлийн сургалтад хэрэглэж эхлээд байна.
П.Мөнгөнцэцэг багш олон шавь төрүүлсэн тухай дурдсан. Тэд нь ҮУИТ, ХЦДБЧ, Сэлэнгэ, Дархан, Увс, Ховд, Дорнод, Хэнтий, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр, чуулга гээд эх орны өнцөг булан бүрт ажилладаг. Мөн БНХАУын Бээжин, Шанхай зэрэг хотод эрдмийн зэргээ ахиулан докторт үргэлжлүүлэн суралцаж байгаа нь ч бий. Шавь У.Одонтунгалаг, Э.Цэндсүрэн, М.Тэмүүлэн, Ч.Цэрэндулам, Г.Одмаа, С.Цагаанцоож, Д.Халиун, П.Болормаа, Б.Мөнхжин, Э.Нарантунгалаг, Э.Энхбат, С.Мишээл, О.Энгүүн нар нь эх орондоо болон олон улсын уралдаанд удаа дараа амжилттай оролцож, монгол үндэсний хуучир хөгжмийн онцлогийг илэрхийлэн тоглосоор, Монголын хуучир хөгжмийн сургалтын дэгийг товойлгон тодруулсаар иржээ. Тэдний дунд хуучирч Э.Цэндсүрэн, Э.Энхбат нар амжилтаараа тэргүүлдэг. Э.Цэндсүрэнгийн амжилт монгол үндэстэн, туургатныхаас давсан түүхтэй. Тэрбээр 2019 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон Өсвөр, залуучуудын олон улсын хөгжимчдийн “Гуо Еин Бэй” VIII уралдаанд тэргүүн байр эзэлсэн юм. Хуучраар өндөр түвшинд тоглодог хөгжимчдийг нь манай улсын хөгжимчин ардаа орхисон нь Азид онцлох мэдээлэл байлаа.
П.Мөнгөнцэцэг багш эрдэм шинжилгээ, судалгааны ажилд чамгүй цаг зарцуулдгийн зэрэгцээ эх орондоо болон гадаад улсуудад мэргэжлийн уралдаануудын шүүгчээр уригдан ажилладаг. Олон улсын уралдаан, их наадам, хамтарсан тоглолтод 1978 оноос оролцжээ. Наймдугаар ангийн сурагч байхдаа гадаадын анхны уралдаандаа оролцохоор Куба улсыг зорьсноос түүний гадаад ертөнц дэх ажил эхэлсэн түүхтэй.
Мэргэжилтэн ийнхүү Монголын үндэсний хөгжмийн мэргэжлийн шаталсан сургалтын өвөрмөц тогтолцоог уламжлалд суурилан шинэчлэлтэй хослуулан хөгжүүлэнгээ бүтээлч сэтгэлгээтэй, олон улсын хэмжээнд өрсөлдөх өндөр ур чадвартай шилдэг хөгжимчдийг төрүүлсээр байна. Монголын үндэсний уламжлалт хөгжим хуучрын мэргэжлийн сургалтыг өөрийнх нь өвөрмөц өнгө төрхөөр нь чанаржуулан, улам баялаг, боловсронгуй болгож шинэ шатанд гаргах, ардын урлагийн нэр хүндийг өсгөх, түгээн сурталчлах, хөгжүүлэхэд мэдлэг боловсролоо зориулсаар явна.
Нийтлэлдээ шавь нарынх нь сэтгэгдлийг багтаалаа. Хуучир хөгжмийг хэрхэн тоглодгийг бие, сэтгэл, уран чадварлаг тоглолтоороо үзүүлдэг, ҮУИТ-ын гоцлол хөгжимчин, үндэсний их найрлын тэргүүн хөгжимчин Э.Цэндсүрэн ийн хэллээ. Тэрбээр “Багш минь надад уран бүтээлч хүнд байх ёстой их олон сайхан чанарыг суулгах гэж хичээдэг байжээ. Арав гаруй жил надтай ажиллахдаа хичээлээ алгассан өдөр гэж бараг л байгаагүй. Тийм зарчимч. Шаардлага өндөртэй. Хөгжмөө давтмааргүй, шантрах үе байдаг ч багш хэзээ ч надтай эвлэрч, өршөөхгүй учраас аргагүй “хөрөөдөж” эхэлдэг байсан өдөр олон. Зорьсондоо тууштай, хариуцлагатай байх чанарыг илүүтэй суулгасан гэж боддог. Бас ямар нэг юмыг “халтуурдана” гэж байдаггүй. Өчүүхэн мэт санагдах зүйлд ч зүрх сэтгэлээсээ хариуцлагатай ханддаг зан нь төрөлхийн гэлтэй. Хөгжмийн хувьд ч тэр эрэл хайгуулч, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, аливаа зохиол дээр ажиллахдаа тоглох дэг, хэллэгийн нарийн ажиллагаанаас гадна дотоод сэтгэлгээтэй холбоотой нарийн, нандин зүйл дээр ч ширхэг бүрчлэн нухаж ажилладаг байсан. Ер нь өөрөө байгаагаараа үлгэр дуурайл болдог хүн. Нүүрэн дээр магтдаггүй. Харин алдаа дутагдлыг бол тэр дор нь засаж залруулдаг. Жинтэй хэдхэн үгийг голыг нь олоод хэлчихдэг. Хуучир хөгжим тоглох нь миний амьдралын гол зорилго юм байна, энэ хөгжимгүйгээр би хэн ч биш юм байна гэсэн итгэл үнэмшил, үнэ цэнийг бий болгоход хамгийн их нөлөөлсөн хүн гэвэл багш минь. Мэргэжлээ хайрлахын хэрээр багшдаа талархахгүй, залбирахгүй байхын аргагүй” гэсэн юм.
Хуучирч, олон улсын уралдаануудын шагналт Э.Энхбат “Манай багш бол сурагчаа тоглох гэж байгаа зохиол руу нь аяндаа хөтлөөд оруулчихдаг. Ихэд бодуулж, сэтгүүлж ажилладгаараа өвөрмөц. Ганцхан юман дээр уурладаг юм. Өмнө нь ямар байсан, тэр чигээрээ дараагийн хичээлд орж ирэхэд маш дургүй. Хичээлээс хичээлд ахиц дэвшил заавал байх ёстой гэж үздэг. Их юм хийсэн байх албагүй. Жаахан юмыг ч болов өөрөө нухаж байгаад учрыг нь олсон байхад их дуртай. Нэг ёсондоо бие даасан ажиллагаа шаарддаг. Бүх оюутан сурагчийнхаа ар гэрийнхэнтэй нягт холбоотой байдаг. Хүүхэд хичээлдээ ямар байгаагаас гадна сэтгэл санааных нь байдлын талаар эцэг, эхэд нь мэдээлж, эрүүл мэндэд нь санаа тавьдаг. Хувь хүүхдэд тохиолдож буй бусад асуудал сурлагад нь яаж нөлөөлж байгааг үргэлж анзаардаг. Энэ талдаа бусад багш нараас илүү юм шиг. Багш заах арга зүй, багшлах дадлага гэдэг хичээлийг олон жил зааж байна. Би гуравдугаар курсийн оюутан болохоор ид заалгаж байна л даа. Тэр хичээл эхэлсэн цагаас хойш багш гэдэг нь хичээлийг яг Мөнгөө багш шиг заах ёстой юм байна гэж би ойлгох болсон. Энэ хичээл маш их таалагдаж байгаа. Бас оюутан, сурагчдадаа зүгээр л хичээлийн цагт заах ёстойгоо заагаад, “Сайхан амраарай” гээд явуулчихдаггүй. Шавийнхаа амжилт, өсөлтөд байнга санаа тавьж, толгойгоо байнга илүү ажиллуулж байдаг. Сурагч, оюутнаа яавал илүү хөгжүүлэх вэ, яаж олон хүнд таниулах вэ гэж эрэл хайгуул хийж, түүн дээрээ ихэд төвлөрч, зөв гаргалгаатай ажилладгаараа давуу талтай гэж хардаг” хэмээсэн юм.
Хуучир хөгжимчдийг төрүүлдэг гэхээс илүүтэй тэднийг бие, сэтгэл, сэтгэлгээ, имижийн хувьд ч бүтээн бий болгодог, хүүхдээр хүн, сурагч, оюутнаар хөгжимчин хийдэг П.Мөнгөнцэцэг багшийг шавь нар нь ийнхүү тодорхойлж байна. Түүний хань нь Консерваторын цохивор хөг欬мийн мэргэжлийн багш, Гавьяат багш, Б.Зоригт билээ.
Түүнээс энэ удаа юу ч асуухгүй байхаар шийдсэн юм. Яагаад гэхээр идэр залуугаасаа, Алматыд сурч байхаасаа ижилдэн дассан гэр бүлийн хоёр ажилд хандах арга барил, бүтээлч байдал, оршихуйн хувьд ч бие биедээ уусан, хоёр бие, нэг амьтай мэт болсон хос шиг санагддаг. Хөвгүүд нь мөн л хөгжимчид. Тэдэнтэй нь ч уулзсангүй. Магад “Ээжийн тухай бичих гэж байгаа бол аавыг мэддэг байх тань хангалттай” гэж хэн нэг нь хэлэх байсан ч болов уу.