Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатар ажлаа авсныхаа маргааш яндан хөөлнө гэдгээ ил тод хэлнэ лээ. Түүний удирдаж байсан “Тавантолгой түлш” хувьцаат компани хоногт 2500 тонн шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийнхэнд тараадаг. Дээрх томилгооны өмнөхөн тус компанийн ерөнхий инженер Ц.Алтансүхээс авхуулаад ерөнхий технологич Х.Галымбек, зөвлөх инженер Ж.Батбилэг гээд сэтэртэй бүхэн өдгөө шахмал түлш үйлдвэрлэснээр хотын утаа 50 хувь буурсан, цаашдаа 80 хүртэл бууруулна хэмээцгээсэн. Бодит амьдралд метрополис гэгдэх Улаанбаатар дэлхийн хамгийн их утаатай хотуудын эхний 10-т жагссан хэвээр байна. Мөн утаанаас үүдэлтэй өвчлөл хүн амын дунд ихсэж, нялхсын уушги насаараа тамхи татаж буй хүнийхтэй ижил түвшинд хүрснийг эмч нар баталж буй.
Нийслэлийнхний 60 гаруй хувь нь гэр хороололд аж төрж, хоногтоо 3500 тонн шахмал түлш хэрэглэж байна. Шинээр томилогдсон БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар өнгөрсөн амралтын өдрөөр “Тавантолгой түлш” Хэрэглэгчийн хяналтын төвд ажилласан. Тэрбээр энэ үеэрээ “Нийслэл дэх гэр хорооллын 198 000 өрхийн яндангаас гарч буй утааг хянана. Эхний ээлжид 120 000 өрхийн яндангаас гарч байгаа утааг хянаж байна. Айл өрхүүдийн янданг хөөлөх нь чухал. Учир нь битүүрсэн яндангаас гарч байгаа утаа 25-35 минут уугьдаг болохыг тогтоосон. Одоогийн байдлаар 62 000 өрхийн яндан битүү байгааг хяналтын салбараас харж болно. Тиймээс ойрын хугацаанд яндан хөөлөх ажлыг зохион байгуулна” хэмээсэн нь хүлээлтээс доогуур мэдэгдэл болж, олон нийтийн урмыг нь хугаллаа. Иргэд “Энэ хүн утаагүй түлш үйлдвэрлэнэ хэмээн олон нийтийн тархи угаасан”, “Үйлдвэрлэсэн түлшнээс болж өдий төдий хүн угаартаж нас барсан атал М.Ганбаатарыг дэд сайдаар томилсон нь буруу”, “Энэ хүн бодлого боловсруулж чадахгүй, утаа бууруулж бүр чадахгүй. Яндан хөөлж л чадах юм байна”, “Яндангаа битүүрвэл М.Ганбаатарт дуудлага өгөөрэй”, “Яндангийн сайдтай боллоо” гэх зэргээр цахим орчин орчинд пост оруулж, сэтгэгдэл бичиж, цааш нь давлагаалан дургуйцлээ илэрхийлсэн юм. Өөрөөр хэлбэл, М.Ганбаатар хийтэй мэдээллээрээ өөрийгөө ороож, эл томилгоо эзнээ олоогүйг нотлох шиг болсон.
Сайжруулсан шахмал түлш нь утааг арилгах богино хугацааны шийдэл байсан гэдгийг мөн тэрбээр онцолсон. Түүний хэлсэнчлэн уг богино хугацааны гэх бодлогыг хэрэгжүүлээд хэдийн таван жил өнгөрчихөөд байна. Харамсалтай нь, утаа дорвитой буураагүй нь гашуун үнэн юм. Хэдэн зуун тэрбум төгрөг зарцуулаад ч утаагаа бууруулаагүй хэрнээ “Тавантолгой түлш” компанийнхан “Өнөөдрийн туршлагадаа тулгуурлан 21 аймагт утаа багатай түлшний үйлдвэр байгуулна” хэмээн ярьж сууна. Уучлаарай, М.Ганбаатараа эл төлөвлөгөөг чинь олон нийт дэмжихгүй байна. Өөрөөр хэлбэл, иргэд утаагүй нэртэй утаатай түлшний үйлдвэрийг аймаг бүрт байгуулахын эсрэг байна. Үүнийхээ оронд орон сууцжуулах бодлогоо хэрэгжүүлж, хөдөөд шилжин ажиллах төрийн албан хаагчдаа байр өгнө гэсэн амлалтаа биелүүл хэмээн шаардаж байна. МАН 2020 онд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Орчны бохирдолгүй цэвэр хот болно”, “Орлогтой орон сууцтай Улаанбаатар” хэмээх заалтуудыг тусгасан. Сүхбаатар дүүрэг дэх МАН-ын даргын алба хашдаг түүнээс иргэд эдгээр заалтаа хэрэгжүүлэхийг хүслээ. Товчхондоо, М.Ганбаатараас олон нийт орон сууцжуулах бодлогоо хэрэгжүүлэхийг шаардаж байна. Энэ ч утгаараа иргэд М.Ганбаатарын дэд сайд болсон мэдээллийг ёозгүйхэн хүлээн авч, “Утаа бууруулахад яндан хөөлөх биш цөөлөх хэрэгтэй” хатуухан шиг сануулав.