Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн (НЭМҮТ)-ийн захирал, доктор, дэд профессор С.Өнөрсайхантай ярилцлаа. Нийгмийн эрүүл мэндэд тулгамдаад буй асуудлууд, тэдгээрийн шийдвэрлэх арга замын талаар тэрбээр байр сууриа илэрхийлсэн юм.
-Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ манай улсад өдгөө ямар түвшинд байна вэ?
-Эрүүл мэндийн тухай хуульд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн гэж хоёр ангилсан байдаг. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь тэргүүлэх чиглэл мөн гэдгийг манай улс хэдийн тодорхойлсон. Ер нь дэлхий нийтэд ч ийм байдаг. Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан санхүүжилт нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг 10-20 дахин бууруулах ач холбогдолтой. Харамсалтай нь, Монгол Улсад нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хангалтгүй байгаа.
-Тусламж, үйлчилгээ хангалттай түвшинд хүрч чадахгүй байгаагийн гол шалтгаан нь юу вэ?
-Хуульд заасны дагуу халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох үндэсний хэмжээний судалгааг таван жил тутамд хийдэг юм. Одоогоор дөрвөн удаа хийгээд байна. Үүний үр дүнд халдварт бус өвчний анхдагч болон завсрын эрсдэлт хүчин зүйлийг тогтоодог. Тэдгээрт архи, тамхи, жимс, ногооны хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, зүрх, судасны өвчний эрсдэл багтдаг. Халдварт бус өвчний эдгээр нийтлэг эрсдэлт хүчин зүйл илрээгүй хүн ам манайд ердөө дөрвөн хувь л байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын 15-69 насны бүх хүн амын 96 хувь нь ямар нэгэн эрсдэлтэй байна гэсэн үг. Мөн зүрх, судасны өвчин, чихрийн шижингийн эрсдэл, бодисын солилцооны өөрчлөлтийн тархалт жил бүр нэмэгдсээр л байгаа. Үүний шалтгаан нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол муу байгаатай холбоотойг олон судалгааны үр дүн харуулдаг.
-Уг нь холбогдох байгууллагуудаас хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа талаар мэдээлдэг. Гэтэл яагаад ахиц гарахгүй байгаа юм бол?
-Хүн амыг насны бүлгээр нь 0-17, 17-45, 45-аас дээш гэж ангилъя. Ингээд үзвэл манай улс өнгөрсөн хугацаанд ихэнх хөрөнгө мөнгө, сургалт, сурталчилгаа зэрэг эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг 17-45 насныхан руу л чиглүүлсэн байна. Гэтэл энэ насныхны амьдралын дадал хэвшил хэдийн тогтчихсон, ихэвчлэн амьжиргаагаа дээшлүүлэх, мөнгө олохыг л зорьдог. Тиймээс тэдний хэдийн тогтчихсон зан үйлийг өөрчилнө гэдэг нь багадаа 24-36 сарын ажил болдог юм. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийг дэмжих ажил төдийлөн үр дүнд хүрдэггүй. Гэтэл манай бодлого энэ бүлэг рүү л чиглээд, үр дүнгүй яваад байжээ. Тиймээс одоо бид 0-17 насныхан, жирэмсэн, хөхүүл ээжүүдэд эрүүл мэндийн боловсрол олгохоор ажиллаж байна. Тэгвэл ядаж 10 жилийн дараа эрүүл хүн амтай болох байх гэж таамагласан. Эрүүл хүүхэд төрүүлж, өсгөх хүсэлтэй ээж, аав олон бий. Тэдний мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл байх арга замыг нь заах зэрэг ажлыг түлхүү хийнэ гэсэн үг. Хүмүүсийн амьдралын зан үйлийн 85 хувь нь таван нас хүртлээ авсан хүмүүжил, боловсрол, мэдлэгтэй нь холбоотой байдаг. Тэгэхээр 0-5 настай хүүхдэд зөв зан үйл төлөвшүүлэх нь хамгийн чухал. Тиймээс энэ насныхан руу чиглэсэн хооллолт, эрүүл мэндийн боловсрол, идэвхтэй хөдөлгөөний зөвлөмж, мэдээллийг түлхүү өгч байгаа.
-0-5 насныхан гэхээр голчлон цэцэрлэгийн хүүхдүүд хамрагдаж байна. Гэтэл манайд, ялангуяа нийслэлд цэцэрлэгийн орчин нөхцөл тааруу. Үнэндээ бол хүүхдэд сайн боловсрол олгох нь битгий хэл ангидаа ч багтахгүй байгаа шүүдээ.
-Сургуулийн өмнөх боловсролын нөхцөл байдал үнэхээр тааруу. Цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ, хүний нөөц, тэдний мэдлэг, боловсролын түвшин ямар байгаа билээ дээ. Ерөөсөө эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа гэдэг нь боловсрол олгох, түүнийг хэрэгжүүлэх орчин бүрдүүлэх гэсэн хоёр ажлыг зэрэг хийх шаардлагатай зүйл. Өөрөөр хэлбэл, иргэдэд эрүүл мэндийн боловсрол, дадал хэвшил олголоо ч түүнийг хэрэгжүүлэх орчин бүрдүүлэхгүй бол эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа үр дүнд хүрдэггүй. Тиймээс дэмжих орчныг бүрдүүлэхэд улсаас нэлээд хүч хөдөлмөр, хөрөнгө зарцуулах зайлшгүй шаардлагатай. Жишээ нь, сургуулийн орчинд хүүхдийг хог бүү хая, ангилан ялга гээд сургачихлаа. Гэтэл манайд хог ангилан боловсруулдаг үйлдвэр алга. Аюултай хог хаягдлын цэг, үйлдвэр байхгүй.
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрүүл мэндийн хичээл зааж байгаа. Гэсэн ч уг хичээл нь үр дүнгүй, ор нэрийн төдий байгааг олон хүн шүүмжилдэг.
-Хамгийн гол нь мэргэжлийн багш хүрэлцээгүй. Үүнээс болоод биеийн тамирын юм уу, биологийн багш энэ хичээлийг давхар зааж байгаа. Харин сургалтын хөтөлбөр маш сайн болсон нь үнэлгээгээр батлагдсан.
-Хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсролд түлхүү анхаарч байгааг та өмнө нь дурдсан. Тэгвэл бусад насныхан яах вэ. Тэднийг орхино гэсэн үг үү?
-45 наснаас хойш хүмүүс биедээ анхаарах нь нэмэгддэг. Чанартай, урт насалчих юм сан гэж хичээдэг. Чанартай амьдрах, амьдралын чанарын итгэлцүүр гэдэг зүйлийг олон улсад ихээхэн ярьж байна. Чанартай амьдрахын тулд эрүүл мэнд нэгдүгээрт байх ёстойг “Ковид”-ын үед бүх хүн ойлгосон байх. Эрүүл мэндийн асуудал дэлхий нийтийн эдийн засаг, гадаад харилцаа, соёл урлаг зэрэг бүх харилцааг зогсоосон шүү дээ. Хэчнээн мөнгөтэй байсан ч эрүүл мэнд нь муудчихсан бол аз жаргал үгүй. Тиймээс 45-аас дээш насныхан руу чиглэсэн, хөдөлгөөнтэй байх хэрэгтэй, архи бүү уу, тамхи битгий тат, сэтгэцийн эрүүл мэнддээ анхаар гэх мэт зөвлөмж, мэдээллийг түгээх нь илүү үр дүнтэй. Мэдээж 17-45 насныхныг орхиж болохгүй учраас тэднийг хамруулсан ажлууд ч хийдэг. Жишээ нь, оюутны эрүүл мэндийн асуудлыг түлхүү анхаарч байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар жил бүр оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг аравдугаар сарын 1-нээс эхлүүлдэг. Уг аяныг энэ жил тав дахь удаагаа өрнүүлж байна.
-Улсын хэмжээнд зохион байгуулж буй эрт илрүүлгийн дүнд хоол боловсруулах тогтолцооны өвчлөл нэлээд ихэссэн нь нотлогдлоо. Энэ нь нийтээрээ хооллолтдоо анхаарах шаардлагатайг илэрхийлж буй байх. Хооллолтоос шалтгаалсан өвчлөл манайд ямар шалтгаанаар нэмэгдээд байна вэ?
-Ходоодны хавдрын тархалтын судалгаа хийсний үндсэн дээр тухайн орон нутгийн хүмүүсийн хооллолтын зан байдал, давсны хэт их хэрэглээнээс өвчлөл шалтгаалаад буйг тогтоосон. Монголчууд бид уламжлалт нүүдэлчин хэв маягаа өөрчилж, суурин амьдралд шилжсэн. Тэгсэн мөртлөө уламжлалт маягаараа хооллосоор буй нь хоол боловсруулах тогтолцооны өвчлөл ихсэхэд нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Тодруулбал, хөдөлгөөнгүй болчихоор хүнд хоолыг шингээж чадахгүй. Гэтэл манайхан үүнийг анхааралгүйгээр шингэц багатай, өөх тос ихтэй, хүнд хоол идсээр, идэвхтэй хөдөлгөөн бараг хийхгүй байгаа. Тиймээс цаашид ийм дадал хэвшлийг зайлшгүй өөрчлөх ёстой. Зөв хооллож сурахгүй бол тулгарсан асуудлаа шийдвэрлэж чадахгүй. Ирээдүйд эмч нар эм биш, хоол бичиж өгдөг болно гээд байгаа шүү дээ. Судалгааны хувьд НЭМҮТ-өөс хүн амын хоол тэжээлийн байдлын үндэсний хэмжээний судалгааг одоогоор таван удаа хийгээд байна. Хүнсний тухай хуульд заасны дагуу үүнийг таван жил тутамд судалдаг. Хамгийн сүүлд хийсэн V судалгаагаар Монголын хүн ам хүнс тэжээлийн шимт бодисын дутагдалд бүрэн оржээ гэдэг дүгнэлт гарсан. Энэ жил бид VI судалгааг эхлүүлж, өнгөрсөн сард нийслэлд хийж дууслаа. Цаашлаад 21 аймагт хийхээр 72 хүний бүрэлдэхүүнтэй баг одоо орон нутагт ажиллаж байгаа.
-Манайд хүн амын илүүдэл жин тулгамдсан асуудал болоод байгаа. Энэ нь чихэрлэг бодисын хэт их хэрэглээтэй холбоотой болов уу. Ийм бүтээгдэхүүнийг манайх хилээр оруулж ирэх үед нь бүрэн хянаж, шинжилж чадаж байгаа юу?
-Бидний эрүүл мэндэд нөлөөлөөд байгаа зүйл нь давс, чихэрлэг бодисын хэрэглээ яах аргагүй мөн. Манайд хүн амын 49.4 хувь буюу хоёр хүний нэг нь илүүдэл жинтэй. Мөн бүсэлхийн тойргийн хэмжээ эмэгтэй хүнийх 90, эрэгтэйчүүдийнх 110 см-ээс бага байх ёстой. Энэ тоо ч хэтэрсэн. Түүнчлэн таван нас хүртэлх хүүхдүүдийн таргалалт нэлээд анхаарал татсан хэмжээнд хүрээд байгаа. Гэхдээ хүн бүрд“Чи тур” гэж хэлж болохгүй. Энэ нь тухайн хүнд стресс үүсгэж, ялгаварлан гадуурхагдах шалтгаан болдог. Ялангуяа хүүхдүүд тарганаасаа болж ялгаварлан гадуурхалд өртдөг. Тиймээс бид эл асуудлыг өөрөөр шийдэх буюу татварын бодлогод нөлөөлөх ямар боломж байгааг судалсан. Улмаар чихэрлэг бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлэх, мөн үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чихэр, давсны хэмжээг бууруулах нь зүйтэй гэсэн санал гаргаад байна. Ийм арга хэмжээ авсан аж ахуйн нэгжүүдийг урамшуулах нь ч зүйтэй. Чихэр, давсны агууламж ихтэй бүтээгдэхүүнийг манайх заавал импортлоод, хүн болгон хэрэглээд байх шаардлагагүй шүү дээ. Гэтэл дэлгүүрт ороход 80 хувь нь хүнд хэрэгцээгүй хэмээн үздэг, бидний битгий ид гэж зөвлөөд байдаг нүүрс ус, чихэр, давсны агууламж ихтэй бүтээгдэхүүн байна. Хүнд, хүүхдэд хэрэгтэй аминдэм, эрдэс бодис агуулсан бүтээгдэхүүн бараг байдаггүй. Тэгэхээр хүмүүс байгаа бүтээгдэхүүнүүдээс авахаас өөр аргагүй. Ялангуяа хүүхдүүд нүдэнд нь харагдаад байгаа зүйлсийг авахыг хүснэ шүү дээ.
-Уг нь сургуулийн орчинд зарж борлуулахыг хориглосон бүтээгдэхүүний жагсаалт гэж бий байх аа?
-Бий. Гэхдээ хэрэгжилт хангалтгүй. Мөн сургуулийн цайны газруудын үдийн хоолны хөтөлбөрт судалгаа хийхэд хүүхдийн өсөлт хөгжилтөд хэрэгтэй бүтээгдэхүүн өгдөг нь тун цөөн байсан. Үдийн хоолны мөнгөний хэмжээнд тааруулан ямар бүтээгдэхүүн хүүхдэд өгч болох тооцооллыг ШУТИС-ийн хоол, хүнсний технологич, багш нар гаргасан байдаг юм. Тодруулбал, хүүхдийн хоолны долоо хоногийн цэсийг тогтоосон мөнгөнд нь тааруулаад гаргачихсан. Харамсалтай нь, бодит байдалд мантуу, пирожки, шүүс мэтийг л хүүхдэд өгөөд байгаа. Судалгааны дүн, хэрэгжүүлэх арга замыг манай эрдэмтэн, судлаачид хангалттай хэмжээнд гаргасан. Гол нь түүнийг хэрэгжүүлэх, хяналт тавих шаардлагатай.
-Ер нь нийгмийн эрүүл мэндийн судалгааны үр дүнг амжилттай нэвтрүүлээд, нөхцөл байдлыг өөрчилсөн сайн жишээ манайд хэр олон байна вэ?
-Давсны хэрэглээг бууруулах аяныг улсын хэмжээнд хоёр удаа зохион байгуулж байлаа. Ингэснээрээ баруун аймгийн хүн амын давсны хэрэглээ багассан. Түүнчлэн иод дутлын эмгэг Монгол Улсад байнгын анхаарах ёстой асуудал. Учир нь хүн хоногийн иодын хэрэгцээнийхээ 90 хувийг зөвхөн хоол хүнснээс авдаг. Монгол Улс далайгаас алслагдмал оршдог тул иод дутлын эмгэгт байнга өртдөг. Тиймээс иод дутлын эсрэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, хүн амаа сэргийлж чадсан удаатай. Гэтэл хөтөлбөрийг зогсоогоод 10 жил болсны дараа буюу өнгөрсөн онд дахин судлахад манай оронд иод дутлаас шалтгаалсан өвчлөл буцаад нэмэгдсэн байгаа юм. Эдгээр нь аливаа асуудлыг тандан судалж, тогтоосны дараа эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа буюу нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг байнга, тасралтгүй, тогтмол хийх шаардлагатайг харуулна. Манайд нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг сайн хийж, үр дүнд хүрсэн жишээ олон бий. Жишээ нь, улсын хэмжээнд өвчлөлийн байдалд дүн шинжилгээ хийхэд дөрвөн жилийн өмнө зүрх, судасны эрхтэн тогтолцооны өвчин манайд тэргүүлж байсан. Харин эрт илрүүлгийн тоо баримтаас үзэхэд өдгөө дөрөвдүгээр байрт орж буурлаа. Үүнийг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын үр дүн гэж харж байгаа. Мөн Баянхонгор аймагт архидалт буурсан. Бид архидалттай тэмцэхээрээ нийтэд нь яриад, үзэн ядаад, жигшээд, архи уудаг хүмүүсийг эрүүлжүүлэхэд хийж, гэмт хэрэгтэн мэт үздэг. Үнэн хэрэгтээ бол тэд архинд донтчихсон өвчтөнүүд юм. Баянхонгор аймгийн сэтгэцийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд архи уудаг хүн бүртэй, тэр дундаа гэр бүлийнхэнтэй нь хамтран тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Эрүүлжүүлэхэд очсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүмүүсийн 80 хувь нь ажилгүй. Тийм учраас аймгийн Засаг дарга тэдэнд ажил олгох арга хэмжээ авчээ. Үүний тулд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж, жижиг, дунд бизнес эрхлүүлдэг. Ингэснээр 5-6 жил архи уугаагүй гэсэн хүмүүс ч байлаа. Ийм хөдөлгөөн тасралтгүй өрнүүлэх нь чухал. Ер нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь олон салбарын хамтын ажил. Эрүүл мэндийн салбарынхан дангаараа ажиллаад үр дүн багатай, цаг үрсэн хэрэг болно.
-НЭМҮТ сүүлийн үед судалгааны ямар ажлууд хийж буй бол?
-НЭМҮТ-өөс халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг тогтоох үндэсний судалгааг улсын хэмжээнд зургаа дахь удаагаа хийж байна. Бид өмнөх таван удаагийн судалгаагаар бүс, аймгаар нь эрсдэлүүдээ тооцоод гаргачихсан. Тиймээс өдгөө дүүрэг, сум бүрд ямар эрсдэл байна, тухайн орон нутгаас юу нь хамаараад байгааг судлан тогтоох зорилготой. Тухайлбал, агаарын бохирдол яалт ч үгүй Монгол Улсын хамгийн анхаарал татсан асуудлын нэг. Сүүлийн үед аймгийн төвүүдэд ч агаарын бохирдол ихсэж байна. Гэсэн ч бид Хөвсгөл аймгийн Галт сумд очоод агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авах талаар ярих нь тохиромжгүй. Харин тус сумд аялал жуулчлал дагасан хүчирхийлэл, осол гэмтэл их. Үүнийг ярих, шийдвэрлэхэд анхаарах ёстой. Энэ мэтээр бүх дүүрэг, сумд халдварт бус өвчний ямар эрсдэл байгааг нэг бүрчлэн тогтооно гэсэн үг.
-Нийгмийн эрүүл мэндэд төр, засгаас төдийлөн анхаарахгүй, тэр хэрээр төсөв мөнгө зарцуулахгүй байх шиг. Танай байгууллагын хувьд төсөв хүрэлцээтэй юү?
-Эрүүл мэндийн салбарын төсвийн зургаахан хувь нь л нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ногдож байгааг Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаагаар дүгнэсэн. ДЭМБ-аас үүнийг 30-аас доошгүй хувь байх ёстой гэж зөвлөдөг юм. Харамсалтай нь, манайд маш хангалтгүй хэмжээнд байгаа. Манай байгууллагын хувьд ажилтнуудын цалин, нийгмийн даатгал, байрны урсгал зардал зэргийг л төсөвт суулгадаг. Бусад үйл ажиллагаагаа олон улсын хандив, тусламжаар л санхүүжүүлж байна. ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, “Дэлхийн зөн” гэх мэт олон улсын байгууллагаас хандив, тусламж байнга авдаг. Тухайлбал, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн таван удаагийн судалгааг ДЭМБ-ын хандиваар хийсэн. Хоол тэжээлийн үндэсний зургаан удаагийн судалгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр хийж ирлээ. Улсын хэмжээний томоохон судалгаануудыг заавал хийхээр хуульдаа тусгасан боловч төсөв баталдаггүй. Олон улсын байгууллагууд цаашид Засгийн газар санхүүжилтээ бие даан гаргадаг болох ёстой гэж анхааруулж, зөвлөж байгаа. Тухайлбал, Монгол Улсад ганцхан байдаг Полиомиелитийн үндэсний лаборатори манайд бий. Тус лабораторийн санхүүжилтийг ДЭМБ жил бүр өгч, хэвийн үйл ажиллагааг нь хангаж ирсэн. ДЭМБ санхүүжилтээ энэ жил зогсооно гэж байснаа ямартай ч ойрын 1-2 жилдээ үргэлжлүүлэхээр боллоо. Цаашид Засгийн газраас санхүүжилтийг гаргах ёстойг тус байгууллагынхан зөвлөсөн.
-Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлж эхэллээ. Шинэ хуультай болсноор тулгамдаад байгаа асуудлууд шийдэгдэх үү?
-Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь тандалт, хяналт, урьдчилан сэргийлэлт, статистик мэдээ боловсруулалт зэрэг бүх асуудлаа багтаасан бүтэцтэй байхаар хуулийн төсөлд тусгасан. Бүтэц, тогтолцоо зөв голдиролдоо орвол санхүүжилт ч ямар нэгэн хүндрэлгүй шийдэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Ер нь аливаа зүйл зөв тогтолцоогүй бол хөгждөггүй. Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шүү дээ. Ямар нэгэн удирдлага солигдоод л бүх бодлого, тогтолцоо өөрчлөгддөг байдлаас сэргийлэх үүднээс НЭМҮТ-ийн 2023-2025 оны стратеги төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдаар батлуулсан. Шинэ бүтцийнхээ дагуу бид чиглэл чиглэлээрээ үйл ажиллагаагаа явуулж, зарим асуудлыг хууль батлахыг хүлээлгүйгээр одооноос шийдэхээр ажиллаж байна.